Ц.Даваасүрэн: Оюунтолгой цахилгаан станц барих гэрээг цуцалсан зүйл байхгүй
2018.02.20

Ц.Даваасүрэн: Оюунтолгой цахилгаан станц барих гэрээг цуцалсан зүйл байхгүй

Өчигдөрөөс эхлэн Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцаллаа гэх мэдээлэл тарж эхэлсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Эрчи хүчний сайд Ц.Даваасүрэн албан ёсны мэдээлэл хийсэн юм.

Тэрээр: “Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцлав гэх ор үндэслэлгүй мэдээл явж байгаад залруулга хийе. Гэрээний асуудлыг ташаа ойлгосон байна. Оюутолгойн цахилгаан станц мөн үү биш үү гэдэг дээр тайлбар хийх нь зөв. Мөн Оюутолгой болон Монголын Засгийн газар Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг асуудал огт яригдаагүй” гэсэн юм.

Оюутолгойн цахилгаан станцтай холбоотой хоёр төрлийн гэрээ байгуулсан аж.

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн 2009 онд байгуулсан ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ 7.3-т зааснаар: 
“Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэсэн өдрөөс хойш дөрвөш жилийн дотор Оюутолгойн төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээр сонгоно хангана. Нэгт, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц. Хоёрт,  Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажилладаг цахилгаан станц. Гуравт, Монгол Улсын Цахилгаан Эрчим хүчний Сүлжээ” гэжээ.

Харин  Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд 2014 онд байгуулагдсан ӨМНӨД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-нд зааснаар: 
“Оюутолгой ХХК Тавантолгойн цахилгаан станцын төсөлд оролцон, харилцан өгөлцөж байгаа нөхцөлд уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна. Ийнхүү түдгэлзүүлсэн үед Оюутолгойн хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг ямар нэг байдлаар зөрчсөн эсвэл дагаж мөрдөөгүй гэж Засгийн газар үзэхгүй болно” гэжээ.

Товчоор хэлбэл, 2017 оны 7 дугаар сараас Оюутолгой компани 7 дугаар сараас эхлэн Монгол Улсаас цахилгаанаа авах ёстой байсан ч аваагүй учир нь 2014 онд байгуулагдсан гэрээ нь 2009 онд байгуулагдсан гэрээний зүйл заалтыг ТҮДГЭЛЗҮҮЛЖ байсан аж.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Дээр дурдсан хоёр гэрээний ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ-г УИХ-аар хэлэлцэж баталсагдсан. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д заавал танилцуулах ёстой. Гэтэл Өмний говийн гэрээ гэгчээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 буюу 4 жилийн дотор монголоос эрчим хүчээ авна гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. Тиймээс ӨМНӨД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-г хүчингүй болгосон. Ингэж болохгүй. УИХ-аар орж батлагдсан гэрээний заалтыг ингэж өөрчилж болохгүй. Энэ хууль бус гэрээг цуцалснаас биш Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцалсан зүйл байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Тэрээр үргэлжлүүлэн: “Би "Туркойз хиллс" компанийн албан ёсны сайтаас энэ талаарх мэдэгдлийг авч үзэхэд "Тавантолгой"-н цахилгаан станцыг зогсоолоо гэсэн мэдээлэл огт алга. Харин "Оюутолгой, Туркойз хиллс, Рио Тинто нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан бүхий л шаардлагаа биелүүлнэ" гэсэн байна. Хууль бус Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалснаас хойш тоолуур эргэсэн. Одоо дөрвөн жилийн дотор Монголоос эрчим хүчээ авах болсон.

ЭНЭ ГЭРЭЭГ ХЭН НЭГЭН БУРУУ ОРЧУУЛСНААС ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН.

Хөрөнгө оруулагч "Тавантолгойн цахилгаан станцыг барих гэрээг цуцаллаа" гэсэн мэдээлэл огт хийгээгүйг албан ёсоор хэлэх байна. Оюутолгой албан ёсны сайтдаа хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүхий л үүргээ биелүүлнэ гэж мэдэгдсэн. Бид эрчим хүчний хамгийн сайн хангамжийг бий болгохын тулд Монгол Улсын Засгийн газар, бүх оролцогч талуудтай хамтран ажиллана гэж Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэв гэсэн албан бичиг байна” гэлээ.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ЗАХИРАЛ Д.БАТБИЛЭГ

2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр дотоодынMCS, Японы Marubeni компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт хүчин чадалтай, нийт өртөг нь нэг тэрбум ам.доллар болж байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлбэл дөрвөн жилийн дотор барих боломжтой. Эрчим хүчний үнийн хувьд Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компаниас авч байгаа үнээс хямд байх тооцоо гарсан. Хамгийн гол худалдан авагч Рио Тинто хөрөнгийн баталгаа гаргах шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар бид Рио Тинтотой гэрээ хэлэлцээр хийж байна. Япон, Солонгосын банкууд зээл өгөхөд бэлэн. Харин өмнө нь ярилцаж байснаар 30 жилийн хугацаанд батлан даалт гаргана гэж байсан ч, хугацаа багасч, 15 жилийн дотор нэг тэрбумын зээлийн баталгаа гаргаж өгөхийг  гол худалдан  авагч Рио Тинтод тавьсан.

Тавантолгойн станц баригдсанаар ганц Оюутолгойг бус өмнийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй, хамтран ажиллаж байгаа" гэв.


Мэдэгдэл хийж дууссаны дараа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар энэ гэрээг хүчингүй болгосноор шууд хүчин төгөлдөр хэрэгжих үү. Нөгөө талаас хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой юу?

-Боломжгүй. Засгийн газар шийдвэр гаргаснаас хойш гэрээ шууд хүчингүй болж байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.3-т зааснаар, Эрчим хүчний хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө хэдийд ч аль нэг тал нь нөгөө талдаа төслийн оролцоог цуцлах мэдэгдэл өгөх замаар “Тавантолгой цахилгаан станц” төсөл дэх оролцоог цуцалж болно гэсэн заалт бий. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд “Оюутолгой” ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс Засгийн газар цуцлах шийдвэр гаргасан.

-Энэ гэрээг байгуулах ямар шаардлага үндэслэл байсан юм бол. Энэ талаар судалж үзсэн үү. Аль талаас нь санал тавьж гэрээ байгуулагдсан юм бол?

-Би гэрээ байгуулаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Монголд ашиггүй гэрээ хийгдсэн гэдгийг мэдэж л цуцалсан.

-Ийм гэрээ хийснийг хэзээ мэдсэн юм бэ?

-Энэ гэрээг өнгөрсөн намар ажлаа авснаас хойш бүх төслийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Тавантолгой цахилгаан станц” төсөл яагаад явахгүй байна вэ гэдгийг судлах явцад энэ гэрээ гарч ирсэн.

-“Оюутолгой” компаниас гаргасан мэдэгдэлд уурхайн талбайд цахилгаан станц барих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байсан?

-Ер нь бол станц барих гурван хувилбар бий. Өөрсдөө барих, Тавантолгойн уурхай дээр барих эсвэл “Тавантолгой цахилгаан станц” төслийг авч хэрэгжүүлэх гэсэн хувилбарууд бий. Энэ гурван хувилбараас аль нэгийг нь сонгох үүргийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн. Монголоос авч байвал хувийн, хувьсгалын аль нь ч байсан боломжтой хувилбар.

-Хэрэв “Оюутолгой” ХХК Тавантолгой цахилгаан станц төслийг сонгохгүй бол энэ төсөл яах юм бэ?

-Гурван хувилбараас сонгох эрх нь “Оюутолгой” ХХК-д байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Монголоос эрчим хүч авах заалт үйлчилж эхэлсэн. Тиймээс дөрвөн жилийн дотор өөрсдөө барьж, хангана гэдэг бол цаг хугацааны хувьд маш шахуу. Гэтэл Тавантолгой цахилгаан станц төсөл өөрөө ТЭЗҮ нь бэлэн болсон, ажил эхлүүлэхэд бүрэн боломжтой хувилбар байгаа. Рио Тинто компанийн зүгээс өнөөдрийн байдлаар Тавантолгой цахилгаан станц төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй, хамтраад ажиллаж байгаа. Үнийн хэлэлцээ болон батлан даалтын хэлэлцээг хийгээд явж байгаа. Энэ төсөл бол хамгийн ашигтай төсөл. Одоо БНХАУ-аас 200 сая ам.долларын эрчим хүч авахаар байгаа.

-Тавантолгой цахилгаан станц эсвэл Оюутолгой өөрсдөө станц барих гэх мэт хувилбаруудын алийг нь ч сонгосон ирэх дөрвөн жил БНХАУ-аас эрчим хүчээ авахаар болж байгаа юм байна?

-Монголд байгаа эрчим хүчний нөөцөөр хангах боломжгүй учраас дотоодын эх үүсвэртэй болтлоо БНХАУ-аас авсаар л байна. Дөрвөн жилийн дотор Рио Тинто өөрөө сонголтоо хийнэ. Харин дөрвөн жилийн дараа бол ямар ч сонголтгүйгээр Монголоос л эрчим хүчээ авна.

-Хэрэв дөрвөн жилийн дараа Оюутолгой энэ гурван хувилбарыг ашиглаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ. Хууль эрх зүйн зохицуулалт бий юу?

-Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг шууд цуцална. Тиймээс Оюутолгой компанийн зүгээс тийм асуудал гаргахгүй байх.

-Энэ гэрээ гэмт хэрэг юм биш үү. Гэрээ хийсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндөх үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт  оруулахаар бол УИХ-аар хэлэлцэх ёстой байсан. Гэвч Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шалгах үндэслэл бий. Энэ гэрээг “Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдлагууд Засгийн газрын хуралдаанд оруулсан байсан. Ганц энэ гэрээ ч биш Дубайн гэрээг ч  гэсэн УИХ-аар оруулаагүй. Хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй бол Засгийн газар нь улс оронд ашиггүй шийдвэр гаргаад яваад байж болохгүй. Бид тодорхой асуудлыг тавина. Гэрээ яагаад байгуулагдсан талаар холбогдох байгууллагуудад нь асуудлыг тавина.

Өнөөдрийн байдлаар Оюу толгой жилдээ 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог. Цаашид энэ тоо өснө. Хэрэв цахилгаан станцын асуудал шийдэгдвэл жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой ажээ.