У.Хүрэлсүх: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй
2018.05.24

У.Хүрэлсүх: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй

УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан билээ.

Сөрөг хүчний зүгээс Засгийн газраас тодорхой хариу ирээгүй учраас цаашид Үндсэн хуулийн цэцэд хандах асуудлыг судлаж байгаа гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлэг албан ёсны шаардлагын дагуу хариу илгээжээ.

Тэрээр хариу бичигтээ "Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцав.

1. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна. 

Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

2. Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна" гэж дурдсан байна.