2018.05.24

Г.Тэмүүлэн: Ямар нэгэн тогтолцооноос хамаарсан томилгоог бид хийх ёсгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн  байгаа юм.

Томилгооны үеэр УИХ-ын  гишүүн Г.Тэмүүлэн: ҮХЦ эрүүл, ариун байх ёстой. 

Монгол улсын Үндсэн хуулийн цэц бол үе үеийн мундгууд ажиллаж байсан, хууль зүйн салбарын ноён оргил буюу хүрэх дээд өндөрлөг.  Тиймдээ ч энэ салбарт ажилласан туршлага, бүтээсэн үйлдлээрээ олон нийтэд танигдсан, эрүүл үзэгдлийн хүрээнд томилогоо хийгддэг "Ариун газар" бол ҮХЦ. Түүнээс биш ҮХЦ-ийн гишүүн болчихоод "би сурчихна, болчихноо" гэж ярьдаг байгууллага бол биш.

Энэ бол хүлээн зөвшөөрөгдөж очдог газар. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж буй энэ үед Монголын төр эрүүл, ариун байх асуудлыг авч үзэх ёстой. Хандлагын өөрчлөлтийн энд гаргах хэрэгтэй. Ямар нэгэн тогтолцооноос хамаарсан томилгоог бид хийх ёсгүй гэдэг асуудлыг ярьж б байгаа. Ерөнхийлөгч 3, УИХ-аас 3, Шүүхээс 3 гэдэг ийм намаас хамааралтай энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Үүнд дээр манай УИХ-ын гишүүд анхаарч бодлогын бөгөөд хандлагын өөрчлөлт гаргах ёстой. УИХ-ын хүчин, Улс төрчдөд үйлчлэх вий гэсэн болгоомжлол байна. Улс төрч байсан хүнийг томилох асуудлыг цэглэх ёстой. Энд би хэн нэгэн хувь хүний асуудлыг бус тогтолцооны асуудлыг цаашид анхаарах ёстой гэдгийг хэлмээр байна.  Дараа дараагийн Үндсэн хуулийн өөрчлөлт дээр үүнийг бид хийх ёстой.