Төрийн тусгай албыг дуртай нь хашиж болох мессежийг Ерөнхийлөгч өгч болохгүй
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч тодруулахаар болсноо Ерөнхийлөгч Х.Баттулга өчиг уржигдар Тамгын газрын дарга З.Энхболдоор уламжлуулан зарласан. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хуwгацаанд томилно” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэдгийг хэлсэн. Түүний хэлснээр уг санал асуулгыг долоо хоногийн хугацаанд цахимаар явуулах бөгөөд өнөөдөр ч иргэд АТГ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх саналаа өгсөөр байгаа юм. Санал асуулгын дүнд АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д санал оруулах юм. Тус газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.
Харин АТГ- ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангасан байх хуулийн шалгууртай. Ерөнхийлөгч АТГ- ын даргыг томилохын тулд иргэдэд таалагдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг нь төрийн тусгай албаны үнэлэмжийг буурууллаа хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Түүнчлэн АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог хуулийн заалттай. Одоогийн дарга Х.Энхжаргалыг 2016 оны долоодугаар сарын 8-нд УИХ-аас томилсон байдаг. Гэтэл албан үүргээ гүйцэтгэж байгаа хүнд дарамж шаталт үзүүлж дараагийн даргын томилгоог ярьж эхэлсэн нь Төрийн тэргүүн өөрөө хуулийг үл тоосон явдал боллоо гэж дүгнэх хүн ч байна. Мөн сонгогддог албан тушаалд өмнөх хүний бүрэн эрх үргэлжилдэг. Сонгуулиас хамааралгүй томилогддог албан тушаалд хэн нэгний биш өөрийнх нь хугацаа мөрдөгддөг зарчим бийг нэр бүхий хуульч хэлж байгаа юм. Ерөнхийлөгч тус газрын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д оруулах бүрэн эрхтэй. Үүний дагуу хэнийг томилох нь УИХ-ын бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Харин Ерөнхийлөгчийн олон нийтээс санал асуух санаачилгыг УИХ-ын зарим гишүүн хэрхэн хүлээн авч буйг сонирхлоо.
Ж.ЭНХБАЯР: ХУУРАМЧ ХАЯГТАЙ ХҮН ОЛОН УЧРААС САНАЛ АСУУЛГАД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ
Олон нийтээс санал авах нь хуулийн зөрчилд орохгүй. Ерөнхийлөгч АТГ- ын даргыг УИХ-д санал оруулах бүрэн эрхтэй. Ингэхдээ олон нийтийн санаа бодлыг л тусгах гэж хичээж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, үүнтэй хатуу тэмцэх цаг болсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Энэ шийдвэр хоёр талтай байж болно. Нэг талдаа сайн буюу нэр дэвших боломжтой хүмүүсийг олон нийтийн саналаар гаргаад ирж болох юм. Хуулийн шаардлага хангасан, олон түмэнд танигдсан эрхмүүдийг гаргаад ирвэл их сайн. Харин буруу байж болох тал нь сошиал орчинд сөрөг тал олон. Тодруулбал, хуурамч хаягтай хүн олон болсон учраас зохиомол нэр дэвшүүлж, энэ нь санал асуулгад нөлөөлөх магадлалтай. Эцсийн дүндээ олон нийтийн санал асууна гэдэг нь энэ асуудалд олны анхаарлыг татах гэсэн санаа юм болов уу гэж харсан. Мэдээж санал асуулгаар тодруулсан хүний нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирнэ. Ингэж байж эцсийн шийдвэр гарна шүү дээ. АТГ-ын дарга болох хүнд хуулиар тогтоосон босго маш өндөр. Мэргэжлийн болон ажлын туршлагатай төдийгүй улс төрөөс ангид байх ёстой зэрэг тодорхой шалгуур бий. Тиймээс энэ шалгуурыг хангах хүний тоо цомхон байх болов уу. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн санал асуулгын эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцээс төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой гаргасан нэг дүгнэлт бий. Энэ нь хоёрдмол байдал үүсгээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч хуулийн гаргалгаагаа тооцоод дараагийн даргыг нэр дэвшүүлэх үйл явцыг эхлүүлсэн юм болов уу гэж ойлгосон.
С.БЯМБАЦОГТ: АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД АТГ-ЫН ДАРГЫГ ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ ТУХАЙ ЗААЛТ БАЙХГҮЙ
АТГ-ын даргыг хэрхэн яаж тодруулах вэ гэдэг тухайд бие даасан хуультай юм шүү дээ. Энэ процессыг хуулийнхаа дагуу дүрэм журмаараа зохицуулах ёстой. Гэтэл Төрийн тэргүүн маань олон нийтийн санаа бодолд нийцүүлэхийн тулд санал асуулга явуулна гээд дур зоргын зүйл яриад б а й ж болохгүй. Хэрвээ асуудалд энэ мэтээр зур зоргоороо ханддаг болчихвол хууль, дүрэм журам гэж байгаад яах юм. Авлигын эсрэг хуульд энэ талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэдэг заалт байхгүй. Монголчууд ярьдаг биз дээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж. Гэтэл хэн дуртай нь хүссэн албан тушаалдаа очоод суучихдаг болчихвол төр, засгийн хэрэг байхгүй болно. Одоогийн даргын үүрэгт хугацаа дууссан эсэхэд маргах шалтгаан ерөөсөө байхгүй. Энэ талаар мөн л Авлигын эсрэг хуульд тодорхой заалт бий. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин одоогийн дарга Х.Энхжаргалын 2016 оны долоодугаар сарын 8-нд УИХ-аар томилсон.
Тэгэхээр албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаа дуусаагүй. Ийм байхад дараагийн даргын асуудлыг хөндөөд, олон нийтээс санал асууна гэж байж болохгүй.
А.УНДРАА: ХУУЛИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ДУУЧИН ИРГЭДЭЭС ХАМГИЙН ӨНДӨР САНАЛ АВЧИХВАЛ ЯАХ ВЭ
АТГ-ын даргын хувьд мэргэжлийн ур чадвар өндөртэй хүн байх ёстой. Хуулийн шаардлагыг бүрэн хангаснаас гадна нийгэмд хүлээн зөвшөөрсөн хүнийг энэ албан тушаалд томилох ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаагаар олон нийтээс санал асууна. Хүссэн хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой болчихож байна. Хүссэн хүн бүр АТГ-ын даргад тавигдах хуулийн шалгуурыг хангах уу үгүй гэдэг эргэлзээтэй. Жишээлбэл, би хуулийн шаардлага хангасан гээд нэг дуучин нэрээ дэвшүүлээд олон нийтээс хамгийн өндөр санал аваад ороод ирвэл яах вэ. Гэтэл ийм хүн хууль сахиулах салбарын үйл ажиллагааг удирдаж чадах уу. “Энэ дууг хэн сайн дуулах вэ” гэдэг шоуны ялагч тодруулах гэж байгаа юм огт биш. Ийм байж хэрхэвч таарахгүй. Төрийн тусгай албаны даргыг тодруулахдаа цахимаар олон нийтийн санал асууна гэдэг байж боломгүй хэрэг. Нарийн мэргэжлийн ажлыг хүссэн нэг нь очоод хийчихэж болно гэдэг мессежийг Ерөнхийлөгч нь өгдөг байж болохгүй. Үүний цаана хууль, хүчний салбарт олон жил зүтгэсэн, дадлага туршлагатай төрийн тусгай албаныхны нэр хүнд явааг мартаж болохгүй. АТГ-ын даргыг тодруулахдаа зөвхөн хуулиа л баримтлах ёстой. Хуулийг хэн сайн сахиулж чадах юм, хуулийн шаардлагыг хэн хангаж байгаа юм ийм хүнийг л АТГ-ын даргаар томилох учиртай. Энэ байгууллагыг удирдана гэдэг миссийн тэмцээний ялагч тодруулахаас тэс өөр зүйл шүү дээ.
М.ӨНӨРЖАРГАЛ