2018.06.14

М.Билэгт: Ард түмэн төрийн албыг хариуцлагатай болгоод өгөөч гэж хүсэж байна

Улсын Их Хурлын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тус хуулийн төсөлд  Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгтийн асуусан асуулт, хэлсэн үгийг хэлж байна. 

Ард иргэдээ төлөөлөл тэдний дуу хоолой болж байгаа Төрийн эрх барих дээд байгууллагад сууж буй төрийн түшээд ёс зүйгүй хариуцлагагүй болчихсон байгаа учраас өнөөдөр ийм хууль гаргаж хүчээр хариуцлагатай болохоос аргагүй байдалд хүргэж байна. Үүнийг Ард түмэн ч хэлж байна. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага ийм байхаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг албан хаагчдын хариуцлага ямар байгаа нь ойлгомжтой.

Иргэдийн бухимдал өнөөдөр дээд цэгтээ хүрч байна. Тэд төрийн үйлчилгээ чинь арай дэнджээ, төр ямар ч хариуцлаггүй болжээ гэж байна. 

Сүүлийн 20 жилд хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүд сонгогдож төрийн түшээдийн хариуцлагагүй байдал хэрээс хэтэрч хууль гаргахаас аргагүй байдалд хүрлээ. Тэдний ухамсрыг ядах даа хуулиар тогтоон барихгүй бол болохгүй болжээ. Гэхдээ би энд нэг зүйлийг Я.Содбаатар гишүүнээс  тодруулж асууя. Та өмнөх 4 жилд байсан, ер нь өнөөдөр Их хурал ийм болчихоод байгаа юм биш, өмнөх 4 жилд ч ийм байсан. Харин энэ Их хурал өмнөх жилүүдийнхээ алдааг засахаар энэ хуулийг батлах гээд байна гэж би бодож байна. Та тэр талаас нь бас тодорхой хэлнэ үү?

Нөгөөтээгүүр энэ УИХ-д хууль шинэчилэх гэж байна, шинэчилсэн найруулга гээд зузаан зузаан бичиг баримтууд орж ирдэг. Тэгсэн мөртлөө дотроо ганц хоёр заалтаар өмнөх хуулиа улам дордуулсан, өөрийн болон хэн нэгний эрх ашгийн төлөө өөрчилсөн юм орж ирдэг. Би үүнийг бодитой хэлмээр байна. Жишээ нь эрүүгийн хууль дээр жирийн иргэд 301,000 түүнээс дээш мөнгө хулгай хийсэн байхад эрүү үүснэ. Харин төрийн албан хаагч албан тушаалтан төрийн өмчийг зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулсан байх юм бол буюу улсын төсвийг үнэгүйдүүлсэн байх юм бол 10 сая-аас дээш төгрөг байж эрүү үүсгэхээр болгосон. Би хэлээд байхад л “Энэ чинь ийм байх ёстой” гэж хэлээд баталсан.  Ард түмэн бол төрийн албыг хариуцлагатай болгоод өгөөч гэж байхад ингэж эсрэгээр нь оруулж ирдэг.

Тэгээд суурь хуулиа зохицуулж байж үүнийгээ оруулж ирээч ээ гэхээр “За шинэ гишүүн юугаа мэддэг юм, хуулиа мэдэхгүй байж” гээд байгаа юм.

Я.Солдбаатар гишүүн хариулав

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн парламент дамжиж яригдаж байна. Сая би судалгаа авч үзсэн, одоо 20 оны парламентын 3дахь чуулган дээрээ явж байна. Өмнөх парламентын эхний 3 чуулганы нийлбэрийг аваад үзэх юм бол гишүүд нийт 9892 цаг тасалсан байгаа юм. Харин одоогийн парламентын хувьд 1012 цаг тасалсан. Уг нь 10 дахин бага үзүүлэлт. Тэгээд энэ хуулийг ярихдаа парламентыг хариуцлагатай болгох эргээд төр өөрөө хариуцлагатай болгох тал дээр гадаад болон дотоод судалгаа их хийлээ. Энэ бол нэг өглөө шийдээд шууд өөрчлөгддөг зүйл биш. Сая санал өгөхтэй хобоотой асуудал гарч байна. Түрүү парламент дээр ийм асуудал зөндөө гарсан. Харин энэ парламент дээр ийм асуудал харьцангуй гайгүй. Ер нь цаашдаа бүгдээрээ нэг, хоёр парламентынхаа асуудлаар биш ер нь Монголын парламент цаашдаа төлөвшиж, хариуцлагатай байхын тулд энэ хуулийг оруулж байгаа юм аа. Зарим зүйлийг нэлээд чангаруулсан байхыг үгүйсгэхгүй. Хэлэлцүүлгийн явцад бид нар олон талаас нь ярих хэрэгтэй. Миний хэлсэнчлэн гишүүдийн бүрэн эрх, парламентын бүрэн эрх тэдгээрээр дамжуулаад төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа иргэдийн эрх ашиг харин нөгөө талаас хариуцлагатай байх гэсэн хоёр үзүүрийн алтан уулзварыг л олох хэрэгтэй.

М.Билэгт гишүүн тодруулав

Төрийн эрх барих дээд байгууллагад орж ирсэн төрийн түшээд минь үнэхээр ёс зүйгүй, хариуцлагагүй байна. Ард түмэн ч үүнийг хэлж байгаа. Сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа улсууд нь хоёр гуравдугаар ангийн боловсролгүй хүмүүс байна. Тэгээд гуравны нэг нь төрийн албанд дэвшиж болохоор хууль оруулж байгаа юм.

Гэтэл өнөөдөр сумын засаг дарга, сумын иргэдийн хурал, газар эзэмших, ашиглах асуудлын шийдвэрийг тэд гаргаж байгаа. Өнөөдөр ёс зүй ямар болсон билээ.

Гэхдээ муу хамт олон байхгүй, муу ард түмэн байхгүй. Төрийн дээд төвшиндээ ийм болчихсон байгаа юм чинь суурь хуулиа засаж янзлахгүй бол газар эзэмших асуудал болохоо байлаа.