Бямбацогт.С Содбаатар.Я Хаянхярваа.Д Энх-Амгалан.Л Д.Тогтохсүрэн Л.Элдэв-Очир Ундармаа.Б Л.Мөнхбаатар 2018.09.28 | Vip76.mn

УИХ ирэх намраас ямар дэгтэйгээр хуралдах вэ?

УИХ-ын 2018 оны хаврын чуулганаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр ирэх намар УИХ-ын чуулганы хуралдаан шинэ дэгтэйгээр хуралдах болж байна.

Ард түмний итгэлийг хүлээж, сонгогдсон парламентын гишүүдийн ёс зүйн асуудал хурцаар тавигдах болсон. Бусдын өмнөөс кноп дарах, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаан таслах зэрэг олон асуудлаар үе үеийн парламентуудыг шүүмжилсээр ирсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх, ирц болон хуульд санал өгөх аргыг нарийвчлах, мөн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох зэргээр УИХ-ын дэгд өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төслийг өргөн барьсан юм.

Нэг төслийг нь өнгөрсөн 2 дугаар сард УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өргөн мэдүүлсэн бол нөгөө төслийг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын нэр бүхий 14 гишүүн 6 дугаар сард өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Уг нь хуралдаа суудаг байх, ирцээ бүрдүүлж чуулганд оролцдог байх, саналаа биеэр өгдөх байх нь гишүүний ёс зүйн асуудал. Гэтэл энэ ёс зүйгээ уландаа гишгэж, үүнээс нь үүдэн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон УИХ-ын нэр хүнд унаад байгаа учир энэ асуудлыг хуульчлан зохицуулахаас өөр арга үлдсэнгүй. Ингэхгүй бол Монгол төрийн нэр хүнд унаж, төрдөө итгэх итгэл алдарлаа. Үүнийг даруй засахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй.”

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:УИХ-ын Дэгийн тухай хуулийг судалсны үндсэнд хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж үзлээ. Одоо мөрдөж байгаа хуульд хариуцлагын механизмыг бүхлээр нь заачихсан. “Сануулна”, “үг хэлэх эрхийг нь хасна” гэсэн ерөнхий заалтууд байдаг. Эдгээрийг илүү тодорхой болгож, үг хэлэх, асуулт асуух эрхийг гурав хүртэлх цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох гэх мэт заалтыг оруулсан.”

УИХ-ын чуулганаар эдгээр хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг гишүүд дэмжиж, УИХ-ын даргын захирамжаар төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг С.Бямбацогт нарын өргөн барьсан төсөл дээр тулгуурлан төслийг нэгтгэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалсан.

Тэгэхээр УИХ-ын гишүүд ирэх намраас эхлэн дараах дэгтэйгээр хуралдахаар болжээ.
  • УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмжээ.

  • Нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гуравны нэгээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулжээ.

  • УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн.

  • Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгоно.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn