С.Эрдэнэ: Шатахуун импортлогч компаниуд, эрх баригчдын хооронд авлига хээл хахууль байна гэж харж байгаа
2018.08.01

С.Эрдэнэ: Шатахуун импортлогч компаниуд, эрх баригчдын хооронд авлига хээл хахууль байна гэж харж байгаа

Ардчилсан нам өнөөдөр Бодлогын ерөнхий зөвлөлийнхөө ээлжит хуралдааныг хийжээ. Тус намаас өнгөрсөн тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 15-нд “Монголоо сонсъё” үндэсний аяныг Улаанбаатар хотын есөн дүүргийн 152 хороо болон нөхөн сонгууль явагдах гэж сумдаас бусад 21 аймгийн 322 суманд явуулж, 150 орчим мянган иргэний дуу хоолойг сонсчээ. Ялангуяа, эрх баригч намын сонгуулийн өмнө амалсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийн саналыг сонсож, нэгтгэсэн байна. Тэр дундаас иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж буй хүндрэлүүдийг эрэмбэлэхэд: 

  • Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох
  • Өргөн хэрэгэлээний бараа, бүтээгдэхүүний үнэ ихээр өссөнөөс иргэдийн бодит орлого нэмэгддэггүй хэрнээ зарлага өсөөд байгаа явдал, үүний том шалтгаан болох бензин шатахууны үнийн өсөлтийг зогсоож өгөх
  • Цалин тэтгэврийг шат дараатай нэмэхээ амалсан ч ганц ч төгрөгөөр нэмээгүй тул энэ амлалтаа биелүүлэх 
  • Ажилгүйдэл, ядуурал маш их байгааг зогсоох
  • Төрийн албан хаагчдын халаа сэлгээ их байгаа бөгөөд иргэддээ үйлчилж ажиллахгүй байна гэсэн асуудлуудыг тавьсан бол үүн дээр нэмээд нийслэлийн иргэдээс
  • Улаанбаатар хотын засаг захиргаа нийслэлийн иргэд, оршин суугчид руу чиглэсэн ажил,  бүтээн байгуулалт хийхгүй байгааг хамгийн ихээр шүүмжилсэн байна. 

Тиймээс “Монголоо сонсъё” аяны тайланг АН ҮБХорооны хуралдаанаараа дүгнээд улс төрийн шийдвэр гаргаж, эрх баригч нам, шат шатны удирдах албан тушаалтнуудад хүргүүлэхээр зэхэж буй талаар АН-ын БЕЗ-ийн дэд дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдэгдлээ. 

Иргэдийг бухимдуулж, туйлдуулж буй үнийн өсөлтөд нөлөөлж буй суурь үзүүлэлт бол шатахуун. Тийм ч учраас шатахууны үнийг бууруулах талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээ АН-ын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар мэдэгдлээ. Тус зөвлөлийн гишүүд авто тээвэр, иргэний нисэх, төмөр замд ажиллаж байсан мэргэжлийн инженерүүд байдгийг тэрбээр онцлоод “Өрхийн зарлага нэмэгдэх хэрээр нефть импортлогчдын орлого өсдөг. Шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх суурь болдгоос гадна тээврийн үйлчилгээ эрхлэж буй компаниудад дарамт болж байна. Монгол Улс жилд 800 саяас 1.4 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнийхээ 95-99 хувийг ОХУ буюу “Роснефть”-ээс авдаг. 

2012 оны нэгдүгээр сард Сү.Батболдын Засгийн газрын үед нэг шөнийн дотор АИ-92  шатахууны үнэ литр тутамдаа 200, дизель түлш 240 төгрөгөөр нэмж, нийгэмд бухимдал үүсгэж байсан. Харин 2013-2016 онд нэг ч төгрөгөөр өсөөгүй. Энэ бол бодитой. Яагаад гэвэл төрийн бодлого хэрэгжсэн. Нефть, шатахууны үнийг тогтвортой байлгах, Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн үр дүн. Гэвч эрх баригчид үүнийг АН-ын санаачилсан ажил гэж ад үзээд хэрэгжүүлэхээ больсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. МАН эрх бариад хоёр жил болох хугацаанд шатахууны үнэ литр туамд 300 төгрөгөөр нэмэгдчхээд байна.​ 2016 оны тавдугаар сард 1534 төгрөг байсан АИ-92 өнөөдөр 1860 болж 21 хувь, дизель түлш 1640 байсан 2200 болж 34 хувиөр өссөн. 2018 онд дизель түлш Сэлэнгэ аймагт 22 хувь өссөн.

Энэ нь газар тариалангийн бүс нутаг учраас төмс, хүнсний ногоо, гурилын үнэ өсөхтэй шууд холбоотой” гэсэн юм. Мөн МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шатахууныг улсын хэмжээнд нэг үнээр зрах тухайгаа тусгасан тул үүнийгээ хэрэгжүүлэхийг мөн шаарджээ. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Үүнийг товчлон хүргэвэл:

-Импортын татварыг тэглэсэн мөртлөө шатахууны үнэ өсөөд байгааг хэрхэн үзэж байна вэ?

-Татварыг тэглэсэн ч шатахуун импортлогч компаниудад тавих шаардлага, шахалт Засгийн газрын зүгээс алга. Энэ бол шатахуун импортлогч компаниуд, эрх баригчдын хоорондын авлига хээл хахуультай холбоотой гэж харж байгаа. 2016 оны сонгуулиар шатахуун импортлогч компаниуд их хэмжээний хандивыг өнөөгийн эрх баригчдад өгсөн. Энэнийхээ хариуд дураараа аашлах боломжийг олж авсан. Татварыг тэглээд, бүх дэмжлэгийг үзүүлээд байхад үнэ нэмж, Засгийн газрын шаардлагыг үл тоож байгаа нь үүнийг илтгэж байна. Хэрэв энэ байдал нотлогдвол бид арга хэмжээ авна.

-Эээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл бүрдчихээд байхад яагаад хуралдахгүй байна вэ? 

-Холбогдох байнгын хороо шийдвэр яаж гаргахыг харж байгаа. Одоогоор УИХ-ын даргын зөлөл хуралдаагүй тул албан ёсны байр суурь гараагүй. 

-БЗД-т өчигдөр болсон халдлага АН-ын дотоод зөрчилтэй холбоотой гэх хүмүүс байна. Энэ үнэн үү? 

-БЗД-ийн ЗДТГ-ын дарга халдлагад өртөөд гэмтэл авсан талаар мэдээлэл авсан. Энэ нь намын ямар нэгэн үйл ажиллагаатай холбоогүй. Одоогоор БЗД-ийн төр захиргааны удирдлага маргаантай хэвээр байгаа. Тус дүүргийн ажилчдын дийлэнх нь АН-аас байгаа. 

-Төрийн албан хаагчдыг хоморголон халсан талаар танай нам шаардлага хүргүүлсэн. Энэ юу болсон бэ? 

-Одоогоор тоо гараагүй байна. Урьдчилсан байдлаар 26 мянга орчим төрийн албан хаагч намын харьяаллаар чөлөөлөгдсөн. Нэг тэрбум төгрөг нөхөн олговрын хаана нь ч хүрэхгүй. Тэр хүмүүсийн дийлэнх нь шүүхээр буцааж томилогдохоор тогтоогдсон. Гэвч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй бол хариуцлага тооцох хуультай. Бид дараагийн шатны арга хэмжээг холбогдох байгууллагад нь авч, хариуцлага тооцуулна. 

-Эдийн засаг өсөлттэй байна гэж мэдээлээд байгаа. Гэвч иргэдийн амьдрал дээшлэхгүй байгаа нь юутай холбоотой вэ? 

-Одоогоор эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх үнэ өссөнөөс орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдсэн өсөлт л харагдаж байна. Бодит өсөлт байхгүй. Иргэдийн бодит орлого, цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Гэтэл шатахуун, бараа бүтээгдэхүүн өсөж байна. Үүний үр дүнд 2016 онд 0-рүү дөхөж байсан инфляци өнөөдөр 8, магадгүй ирэх оны эхээр хоёр оронтой тоо руу очихыг үгүйсгэх арга байхгүй. Бодит байдал ийм байна. 

Эрх баригчид өнгөрсөн хоёр жилд 3 тэрбум гаруй долларын зээл гаднаас авлаа. Энэ их мөнгийг ямар бүтээн байгуулалтад хэрэглэж, яаж зээлсэн талаар тодорхой мэдээлэл алга. Тайлбар өгөхгүй байна. 

Бидний хувьд 2012 онд “Чингис”, “Самурай” бонд гаргаж нийт 2.1 орчим тэрбум ам.доллар босгосон. Энэ мөнгөөр юу хийснээ сая бүх аймаг, сум, нийслэлийн иргэдэд мэдээлэл өгсөн. Харин МАН 3.6 тэрбум ам.доллараар юу хийж, ямар бүтээн байгуулалтад оруулсан талаараа тайлбар хийхийг бид шаардаж байгаа. 

-БНТУ-ын иргэн Вэйсел Акчайн талаар мэдээлэл авсан болов уу? 

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайлбар ирүүлсэн. Энэ нь мэдээлэл өгөхөд ханалттай хариулт байгаагүй тул нэмэлт тодруулга авахаар хүсэлт тавьсан. Монгол бол ардчилсан улс. Хүний эрхийг дээдэлсэн улсыг ардчилсан улс гэдэг. Тиймээс Монгол Улсын нутаг дэвгэрт хууль ёсны дагуу амьдарч байгаа хэнийг ч бид хамгаалах үүрэгтэй. Үүнд Засгийн газар яаж ажилласан тухай тодорхой тайлбар авахаар асуулга хүргүүлсэн байгаа гэлээ.