Б.Бат-Эрдэнэ 2018.10.18 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт урсгал зардлын хөрөнгийг шилжүүлж байгаа нь зөв

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Улсын нэгдсэн төсөвт орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт эрх мэдлийг нилээд өгч байгаа нь сайн хэрэг.

  1. Ямар хэмжээний хөрөнгийг шилжүүлж байна вэ? Аймгуудаар нь хэлж өгнө үү? Бидний сонгогдсон тойргоос сургууль, цэцэрлэг, Соёлын төвтэй холбоотой олон санал хүсэлтүүд орон нутгаас ирсээр байна. Харицсан Засгийн газрын гишүүд нь орон нутагт төсвийн эрх мэдэл шилжиж байгаа учраас энэ асуудлыг мэдэхгүй гээд сууж байдаг болсон.

  2. Ирэх жил эдийн засагт сайжирсан төлөв байгаа учраас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нилээд хийхээр төлөвлөсөн. Гүйцэтгэх компаниудын сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ? арай хиж, хэл ам болж хийж гүйцэтгэчихээд дараа нь улсаас их хэмжээний мөнгө нэхээд суучихдаг шүү анхаараарай. Зураг төсөл ч гэсэн жишиг зурагтай болох хэрэгтэй.

  3. ААН-ийн албан татвартай асуудлын дунд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгж, жишээлбэл Оюутолгой зэргээс татвар аьах тухай яригдаж байсан ч энэ төсөлд алга байна. Яагаад?

  4. Хөдөө орон нутагт тэтгэвэртэй холбоотой асуудал ихээхэн маргаантай байна. Сонголт байгаа хэдий ч орон нутаг нь хуулийг завхруулаад байна. 9 сард тэтгэвэртэй гарах хүсэлт өгсөн байхад заавал 3 сар хүлээ гэж хэлсэн байна.

  5. Даатгалаар эм авах асуудал ч чирэгдэл үүсгэсээр байна шүү Эрүүл мэндийн сайд аа?

Түүний асуултанд салбарын сайд нар дараах хариултуудыг өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“2019 оны төсвийн онцлог бол  урсгал засварын хөрөнгийг орон нутагруу шилжүүлж байгаа юм. Хөрөнгө, урсгал засвар 2 тусдаа байх нь хариуцах эзэнгүй орхигддог асуудал байсан. Нийт 158 тэрбум төгрөгийг орон нутгуудад шилжүүлж байгаа юм. Сайдын багцад байдаг байсныг салгаад орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж оруулж байна. Харин татварын багц хуулийг 6 сарын өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа тул батлагдвал ЖДҮ болон эрх зүйн орчин сайжрах юм.”

Эрүүл мэндийн сайд Сарангэрэл

“2019 оны төсөвт хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэгдүүлэх саналыг өгсөн. Тиймээс ирэх онд нөхцөл сайжрах байх. 2018 онд Азийн хөгжлийн банк, Сангийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран хүн амын зонхилон худалдан авч байгаа эмүүдийг нэгдсэн худалдан авалтаар хийх шийдвэрт хүрсэн. Улсын чанартай 34 эмнэлэгт тус тусдаа бус бөөнд нь худалдан авалт зарлаж хийсэн. Үүний үр дүнд 300 сая төгрөг хэнээд байна. Ирэх онд эмийн тоо ширхэгийг нэмэхээр тооцож байгаа.“

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Засгийн газраас иргэдэд тэтгэвэрт гарах насыг сонголттой байдлаар зохион байгуулж өгсөн. Харин хуулийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгаа нь үнэн. Таны хэлж байгаа тохиолдлыг судалж үзье. Хөдөөд малчидыг А данс дээр тулгуурлан тэтгэвэрт гаргахад хүндрэлтэй байгаа учраас орон нутагт ажлын хэсэг гарч тогтоох тал дээр анхаарч байна.”