Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ
2018.10.22

Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-2019 оны төсвийн төслийг хэт үрэлгэн, дарга нарын тансаглалыг өөгшүүлсэн байдлаар УИХ-д оруулж ирлээ гэх шүүмжлэл бий. Таны хувьд төсөв хэмнэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид олсон жаахан хөрөнгөө өргөн дэлгэр нутгийн 330 гаруй сум, сууринд хүргэхийн тулд мянга мянган км зам, эрчим хүчний шугам тавьж байна. Энэ бүхэн өгөөжгүй, дандаа алдагдалтай гарах хөрөнгө оруулалт юм. Сум бүрт цагдаа, сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л төрийн байгууллагын систем ажиллаж байна.

Тэгэхээр бид сумаас гадна аймгуудын асуудлыг ярих цаг нь болсон. Булган аймгийн дотор Орхон аймаг байна. Сэлэнгэ аймаг дотор Дархан-Уул аймаг багтаж байна. Энэ мэт аймгуудыг хэт жижиглэсэн байдал нь маш хязгаарлагдмал төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Хөдөө рүүгээ бид жил бүр хэдэн мянгаар нь засмал тавьж байна.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 100 км зам тавихад л түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Бид өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байна. Тэгэхээр маш зөв бодлого явуулж байж төсвөө хэмнэх юм. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн үрэлгэн зардлыг хэмнэе. Хэмнэсэн мөнгөөрөө аж үйлдвэрийн комбинат барья гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү саналыг та юу гэж үзэж байгаа вэ?

-Социализмын үед гадаадын хөрөнгө оруулалтаар бүхэл бүтэн хотыг аж үйлдвэрийн парктай нь барьж чадсан. Энэ бол Дархан-Уул аймгийн төсөл байсан. Тэнд орд баялаг нь төмөр зам, эрчим хүч, засмал зам, Евро Азийг холбосон магестрал шугамтайгаа байна.Мөн хуучин ажиллаж байсан үйлдвэрүүд нь хүний нөөцтэйгээ байгаа. Үүнд тулгуурлан Дархан-Уул аймгийг аж, үйлдвэрийн хот болгох боломжтой юм.

Тэгэхээр Дархан хот руу төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудыг нүүлгэх гэх мэт бодлогын хөрөнгө оруулалт хийж чадвал бид аж үйлдвэрийн парктай болно. Ингэснээр хөнгөн хүнсний үйлдвэрүүд сэргэнэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл эрс багасна. Мөн Эрдэнэт хотыг түшиглэж болно. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгож эдийн засгийн бие даасан чөлөөт бүс болгох бодлогыг гаргах ёстой. Нийт ажлын байрны 55.3 хувийг хөдөө аж, ахуйн салбар хариуцаж байна.

Энэ салбарын эдийн засгийн салбар дахь оролцоо нь 10 орчим хувь. 10 орчим хувь нь 55 хувийн ажлын байр гаргаж байна. Тэгэхээр хөдөө аж, ахуйг эрчимжүүлж дэмжлэг үзүүлж чадвал ажилгүйдлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Хэрвээ ингэж чадвал Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих юм. 

-2019 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зарим ажлыг хязгаарласан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Урт хугацааны хөрөнгө оруулалтууд нэлээн хязгаарлагдмал байгаа. Зөвхөн тойргийн хэмжээний жижиг сезоны хөрөнгө оруулалтуудаа хийгээд тухайн үедээ дуусгахаар байна.Ер нь урт хугацааны хөрөнгө оруулалтууд байхгүй байна. Монгол улс олж байгаа орлогоосоо илүү зардаг онцлогтой.

Тийм ч учраас нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байдаг. Энэ байдал маань урт хугацаанд үргэлжилсээр байгаа учраас гадаад өр өндөр байгаа юм. Тиймээс энэ ажлаа даруй зогсоох ёстой. Бид маш олон сургууль, эмнэлэг барих мөнгөөр зээл болон зээлийн хүү төлөөд байна шүү дээ.

-Үндэсний дата төвийн удирдлагууд хариуцлагагүй ажилласны улмаас манай улсын төрийн байгууллагууд болон иргэдийн мэдээллийг хакердуулсан гэх мэдээлэл байна. Таны тэргүүлж буй “Цахим бодлогын түр хороо” энэхүү үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Цахим бодлогын түр хороо”-ны ажил өнөөдрөөс эхэлж байна. Ажлын хэсгийг гаргаад миний бие ахлаад ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний төвд ажиллана. Тэр үеэр илтгэл, тайлангууд тавигдана.

Монгол Улсын нийт төрийн байгууллага, хувийн хэвшилд хэрэглэгдэж буй цахим системүүд, програм хангамжуудын нөхцөл, аюулгүй байдал, Үндэсний дата төвийн ажиллаж буй орчин нөхцөл байдал цаашдын бодлоготой холбоотой нэлээн их мэдээлэл өгөгдөнө. Тийшээ хамт явах бололцоотой. Хамт очоод мэдээлэл аваарай.

- "Сентарра гоулд" компани хувьцаагаа зараад Монгол дахь төслүүдээ зараад гарсан гэх мэдээлэл байна уу? 

- Энэ компани үлдэгдэл хөрөнгөө борлуулаад гарсан нь сүртэй зүйл биш. "Бороо гоулд"-ын төсөл дууссан. Гацууртын төслийг хэрэгжүүлэхээр байсан ч 20 гаруй удаагийн шүүх хуралдаантай холбоотойгоор шийдэгдээгүй. Тэгээд байгаа хөрөнгөө багцлаад борлуулаад гарчихлаа гэж ойлгож байна. 

Т.ЭНХЭЛЭЭ