А.Базар: Генерал Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын маргаан бүтэн жил дамнан үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын дунд 2017 оны намрын чуулганы үеэр өрнүүлсэн маргаан одоо ч олны анхаарлын төвд байгаа. Энэ маргаан бүтэн жил гаруй хугацаанд тун хачин,жигтэйгээр шүүхийн танхим дамжин өрнөж иржээ. УИХ-ын гишүүн Л.Болдын өмгөөлөгч А.Базартай ярилцлаа.
-Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Б.Хурцын томилгоог хэлэлцэх үеэр Л.Болд гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуулт тавьсан. Энэ асуултаас өрнөсөн хурц маргаан нийгэмд олон асуултын хариуг хоосон үлдээж. Сүүлийн үед сошиал болон бусад мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар янз бүрээр бичих боллоо?
-Тухайн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн зүйлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд 2017 оны 11-р сараас эхлэн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн ажил хэргийн нэр хүнд, нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, өөрийнх нь талаар хэлсэн худал зүйлсийг залруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал хүсэхийг Б.Хурцад үүрэг болгох явдал байсан.
Яагаад ийм нэхэмжлэл гаргасан бэ гэвэл Б.Хурцын УИХ-ын гишүүн Л.Болдын тухай хэлсэн зүйлс бүгд худал мэдээлэл байсан.
Харамсалтай нь шүүхэд хандсанаас хойш өнөөдрийг хүртэл маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа. Маргаан удааширч байгаа шалтгаан нь Б.Хурцын оршин суух хаяг нь тодорхойгүй, бүртгэлгүй байсантай холбоотой.
Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Хурцын оршин суух бүртгэлтэй хаяг гэдгийг нь батлах баримт шаардлагатай гээд нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагаанаас хүлээж аваагүй. Тэгэхээр нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Тус хаяг дээрээ бүртгэлтэй боловч, оршин суудаггүй" гэсэн Хорооны Засаг даргын тодорхойлолт гарч ирээд шүүхээс нэхэмжлэлийг хүлээж аваагүй.
Улмаар улсын бүртгэлд бүртгэлгүй боловч бодитой оршин суудаг хаягийг нь тодорхой болгож шүүхэд нэхэмжлэл гаргахад “Тухайн хаяг дээр бүртгэлгүй” гэсэн Хорооны тодорхойлолт шүүхэд ирээд бас л түүнийг үндэслэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Уг нь шуудан хүргэгч Б.Хурцын хаягаар гэрт нь очиход түүний оршин суудаг хаяг болох нь тодорхой болчихсон байсан.
Энэ үед Б.Хурц өөрөө УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбогдуулан тэр хаягнаасаа нэхэмжлэл гаргаад, шүүхэд маргаан нь үргэлжилж байсан. Харин өөрт нь холбогдуулж нэхэмжлэл гаргах гэхээр хаяг дээрээ байдаггүй, эсвэл бүртгэлгүй гэх зэргээр шүүхээс нэхэмжлэл буцаад байсан. Ер нь нэхэмжлэлийг хүлээж авахаас өмнө “УИХ-ын гишүүн Л.Болд иргэнийхээ хувьд шүүхэд хандах ёстой” гээд шүүхийн мэдээлэл лавлагаанаас нэхэмжлэлийг хүлээж аваагүй, иргэнийхээ хувиар шүүхэд хандахаар “УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх гэж буй учир иргэнийхээ хувьд биш УИХ-ын гишүүнийхээ хувьд шүүхэд хандах ёстой” гэх зэргээр шүүгчээс нэхэмжлэлийг хүлээн авахаас хэд хэдэн удаа татгалзсан.
Ийнхүү Б.Хурцын оршин суугаа хаяг тодорхой бус гэдэг үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг удаа дараа хүлээж аваагүй тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Гэтэл шүүх бидний хүсэлтийг мөн л хүлээж авахаас татгалзсан. Яагаад гэвэл “Б.Хурц нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдуулан нэхэмжлэл гаргаад, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа, мөн Б.Хурцад холбогдуулж гаргасан бусад хүмүүсийн нэхэмжлэлийн дагуу ч маргаан шийдвэрлэгдэж байгаа тул түүний хаяг нь тодорхой байна” гэсэн үндэслэл хэлсэн.
Ингэж явсаар шүүхэд иргэний хэрэг буюу маргаан үүсгүүлэхийн төлөө л багагүй хугацаа зарцуулагдсан. Анх 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ч 2018 оны 04 дүгээр сард л шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Хагас жил шахам хугацаанд хөөцөлдсөн.
-Хариуцагчийн хаяг нь тодорхой биш байлаа гэхэд утасны дугаараар холбогдож шүүхээс дууддаггүй юм уу?
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “шаардлагатай бол харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэнэ” гэсэн зохицуулалт байгаа. Б.Хурц шүүхэд ирж нэхэмжлэлийг хүлээж аваагүйг бодоход утасны дугаар нь холбогдоогүй, эсвэл утсаар мэдэгдсэн ч ирээгүй байх. Сүүлд нэхэмжлэл гардуулах үед шүүхэд ондоо асуудлуудаар түүнийг төлөөлөөд явж байсан хуульчтай нь холбогдож, нэхэмжлэлийг авахуулсан.
-Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх ямар шийдвэрүүд гаргаад байна?
-Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, түүний нэр төр, алдар хүндийг сэргээх, хэлсэн зүйлийнхээ төлөө уучлал хүсэх, залруулга хийхийг Б.Хурцад даалгаж шийдвэрлэсэн. Яагаад гэвэл Б.Хурцын хэлсэн зүйл үнэн, зөв болох талаар Б.Хурц, түүний хуульчийн зүгээс нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо үзүүлж байсан Хойд Солонгосоос ирсэн гэх бичгээ ч шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны үеэр “Тэр бичиг АТГ-т байгаа” л гэж тайлбарлаж байсан. Уг нь Б.Хурц анх энэ асуудлаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “тэр бичиг надад байгаа” гэж тайлбарлаж байсан тул тийм бичиг байдаг бол өөрсдөө гаргаж өгөх боломжтой байсан.
-Тэр бичгийн талаар АТГ ямар байр суурь илэрхийлсэн нь сонин байна. Үүнээс гадна Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд нээлттэй сонсгол хийсэн гэх шалтгаанаар АТГ-т дуудаж байцаалт авч байсан?
- АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалаас бас л нэр усгүй, тамга, тэмдэггүй, эргэж буцах хаяггүй бичиг ирсэн гэж хариу өгсөн. Нөгөө бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хаягнаасаа Б.Хурц өргөдөл гаргангуут л “Нээлттэй сонсгол хийж иргэдээ сонссон” гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг АТГ-аас дуудаж байцаалт авсан.
Уг нь таван ч УИХ-ын гишүүн хамтдаа нээлттэй сонсгол хийж дүгнэлтэд гарын үсгээ зурцгаасан. Гэтэл Б.Хурцтай маргалдсан хоёрыг нь онцолж байцаалт авсныг уншигчид дор бүрнээ дүгнэлт хийх байх.
Л.Болд гишүүн өөрөө ч энэ тухайгаа “Иргэдийнхээ асуудлыг сонссоноос болж парламентын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн түүх дэлхийд ганцхан Монгол Улсад л гарах гэж байна” гэж хэлж байсныг та санаж байгаа байх.
- Ер нь Б.Хурцын талаас шүүхэд юу ч баталж, нотолж чадаагүй гэж ойлгож болох уу?
-Болно. Гэвч давж заалдах шатны шүүхээс Б.Хурцын хуульч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан.
Одоогийн байдлаар бид “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулгаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа
-Энэ маргаан гарах болсон шалтгаан хүмүүст сонирхолтой байгаа. Энэ талаар тайлбар өгөх боломжтой юу?
-Маргаан гарах болсон шалтгааны тухай би сайн мэдэхгүй. Миний үйлчлүүлэгч Л.Болдын хувьд УИХ-ын гишүүн тул Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нийт ард түмнийг төлөөлөх, ашиг сонирхлыг хамгаалах учиртай. Гадаадын аль нэг улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдыг УИХ-аас томилдог тул Элчин сайдаар ямар хүн томилогдох нь Монгол Улсын, нийт иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал.
Тэрнээс Б.Хурц гэж хувь хүнтэй таарамжгүй, маргаантай учир түүнийг харлуулах санаа, зорилго бол агуулаагүй. Гэвч Б.Хурцын зүгээс асуултад хариулахын оронд Л.Болд гишүүнтэй хувийн шинжтэй маргаан үүсгэж, түүний талаар худал мэдээлэл тараасан.
Зүй нь, УИХ-ын гишүүний асуултад хариулах, төрийн албаны ажлыг хувийн шинжтэй маргаан болгохгүй байх, УИХ-ын гишүүнийг асуулт асуусны төлөө харлуулах зүйл хийхгүй байх явдал гэж бодож байна. Монгол Улсыг төлөөлж Элчин сайдаар томилогдох гэж буй хүн олон нийтийн өмнө, парламентын танхимд тийм авир гаргах нь ёс зүйн ноцтой зөрчил шүү дээ.
-Б.Хурцын зүгээс энэ асуудлыг сайн мэднэ гэж нэр цохож заасан Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тодорхой хариуг нь өгсөн санагдаж байна?
-Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дараахан нь “...Би гайхаад яамныхаа нөхдүүдээр Умард Солонгосоос хаана ямар бичиг ирсэн юм гэдгийг хайлгалаа. Тагнуул, прокурорын газарт хандлаа, цагдаатай ярилаа. “Тийм бичиг байхгүй” гэж мэдэгдлээ.
Б.Хурц УИХ-ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү? Гүтгэлэг хэрээс хэтэрлээ” гэж түүний хэлсэн зүйлсийг үгүйсгэж тайлбар өгсөн л дөө. Хэрэв АТГ-т нотолгоо болохуйц бичиг ирсэн бол Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хувьд мэдэх байсан байх.
- Б.Хурцын талаас эргүүлээд нэхэмжлэл гаргасан гэв үү?
- Б.Хурцын зүгээс эргүүлээд УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдуулж мөн адил нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан вэ гэвэл УИХ-ын чуулганаар өөрийг нь Элчин сайдаар томилох, эсэх асуудлыг хэлэлцэх явцад түүнээс асуулт асуухдаа нэр төр, алдар хүндэд нь халдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар Б.Хурцын нэхэмжлэлтэй шүүх хурал саяхан болсон ч иргэдийн төлөөлөгч томилогдоогүй байна гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Л.Болд гишүүний зүгээс үнэн мөнийг яаралтай ялгаж салгаж, тогтоолгохыг хүсч байгаа.
Гэтэл нөгөө талд энэ асуудлыг ойлгомжгүй, дуусдаггүй нөхцөл байдалд аль болох удаан байлгах л сонирхол байх шиг харагдаж байна. Л.Болд гишүүнээс өөр хүн бол цөхрөмөөр нөхцөл байдалтай байна л даа.
Өмгөөлөгчийн хувьд тухайн үеийн Б.Хурцыг томилох, эсэх хурал дээр УИХ-ын тухай хуулийн 7.1.11-р зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх үндэслэлгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тухайн хурал Б.Хурц гэдэг хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжих үү, дэмжихгүй юу? гэдэг асуудлыг хэлэлцэж, олон ч гишүүд байр сууриа илэрхийлсэн шүү дээ.
Л.Болд гишүүн ч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнд асуулт тавьсан. Түүний удирдаж байсан Авлигатай тэмцэх газарт хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байсан тухай, хилс хэргээр хоёр хүн шалгагдаж байгаад нас барсан тухай, тэр хүмүүс сүүлийн жилүүдэд шалгагдаж сэтгэл санаа, бие махбодийн хүнд байдалд орж, эцэстээ хэрэг нь хэрэгсэхгүй болоод дууссан тухай хэлж, “Энэ хүмүүсээс төр яаж уучлалт гуйх юм бэ. Ар гэрээс нь хэн уучлалт гуйх юм бэ, би үүнийг л асуумаар байна” гэж хэлсэн шүү дээ.
Бид хариуцлагын тухай их ярьдаг. Ямар нэг байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэн нэгэн хүн хохирол амсвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэж.
Жишээ нь, сүүлд болсон явдлаас дурдвал Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Тэгэхэд сайд, удирдлагууд нь бүгд хариуцлага хүлээгээд огцорч байна. Энэ ч үүднээс л байр сууриа илэрхийлсэн. Энэ бол улс төрийн соёл өндөр хөгжсөн аль ч улс оронд байдаг ажил хэргийн, эрүүл шүүмжлэл. Тэрнээс хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудал биш. Парламентын гишүүн ард түмний төлөөлөл болохынхоо хувьд улсын, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ мэт шүүмжлэл өрнүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд ардчилсан улсад маш чухал зүйл юм. УИХ-ын гишүүн бүгд эрүүл шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлэхгүй шийдвэр гаргаад байвал гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, зөв зүйтэй байж чадахгүй шүү дээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
- УИХ-ын гишүүн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн, ярьсан зүйлийнхээ төлөө доромжлол, гүтгэлэг хүлээдэг, шүүх, цагдаад дуудагдаж, шалгагддаг байх юм бол хэлэлцэгдэж буй аливаа асуудлаар шударга хандаж, хүчтэй дуугарч чадах гишүүн олдохгүйд хүрнэ.
Яг ийм нөхцөл байдлын улмаас, асуудалд шударгаар хандаж байгаагийнхаа төлөөсөнд Л.Болд гишүүн рүү чиглэсэн зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтууд нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-д өргөдөл гаргаснаас нь хойш Л.Болд гишүүнийг хэвлэл мэдээллээр илт дайрч эхэлсэн гэдгийг энд хэлмээр байна.
Н.БАТЦЭЦЭГ