Бат-Эрдэнэ.Б 2018.11.02 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Байгалийн баялгаас авах татвараа авч чадаж байна уу?

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Хуулийн үзэл баримтлалд Засгийн газрын өрийн үлдэгдэл нь 2019 онд ДНБ-ий 75%-иас хэтрэхгүй байна гэж. 2018 онд 5 их наяд гаруй төгрөгийн өрийн төлбөр хийсэн гэсэн байна. Бид нэг өрөөр нөгөө өрөө төлөөд яваад байх шиг. Энэ ямар учиртай вэ? Төлөлтийн эх үүсвэр хаанаас байгааг тайлбарлаж өгнө үү? Эдийн засгийн өсөлт муу гэж би хэлэхгүй. Бүтээн байгуулалт хурдтай хийгдэж байгаа. 2019 оны төсөвт ч нилээд бүтээн байгуулалтыг хийхээр тооцсон. Үүнийг төсөв болон эдийн засгийн өгөөжөөр л хийнэ. Тиймээс хийх ажлыг үр дүнтэй болгох, гүйцэтгэлийг сайжруулах хэрэгтэй байна. Мөн байгалийн баялгаа ашиглуулаад авах ёстой татвараа авч чадаж байна уу? зарим нь шүүхээр заргалдаад бидэнд өгөх ёстойгоо өгөхгүй байгаа компаниуд ч байгаа шүү. Жишээлбэл Онон голын эх дээр алт ухаж байгаа 4 компани жилдээ орон нутагт 4хөн сая төгрөг төлж байх жишээтэй байна. Гэтэл нутгийн иргэд сүүгээ борлуулж өдөртөө 10 сая төгрөгийн орлого олоод түүнээсээ татвараа өгч байх жишээтэй. Үүнийгээ анхаарч чадсан уу?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулсан юм.