2018.11.07

О.Баасанхүү: УИХ-ын 4 гишүүн холбогдсон юм бол нэг дор шийдэж болдоггүй юм уу?

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Орой 22 цагт Байнгын хорооны хурал хаалттай болж байна. Гүйгээд очоорой гэж мэдэгдсэн. Тэртээ тэргүй байнгын хороо нь хаалттай хуралдаад шийдсэн асуудлаа одоо энд чуулганы хуралдаан оруулж ирээд дахиад хаалттай яриад байх хэрэг байгаа юм уу? Ерөнхий прокурор хэвлэлд тайлбар өгсөн байна. Үүнд холбогдож байгаа УИХ-ын 4 гишүүн байгаа гэж хэлсэн байна. Эдгээрийгээ нэг нэгээр нь оруулж ирээд байх хэрэг байгаа юм уу? өнөөдөр Б.Батзориг гишүүн. Маргааш дахиад өөр хэнийг оруулж ирэх үү? Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн гэж би үзэж байгаа. Мэдээж намаараа авч үзье гэж шийдэх байх. Ойлгож байна. Гэхдээ ЖДҮХС-ийн зээлийн үндсэн захиалагч нь хэн бэ? Ард иргэдийн мөнгийг энэ сангаар дамжуулан хулгайлах чиглэлийг хэн өгсөн бэ? тэр хүний прокурор шалгах уу? Зарим нь өөрийн хамааралгүй компанид ч зээл авч өгсөн байгаа. Тэндээсээ ХОМ дээр хамааралгүй гэж байгаа ч ашгийг нь аваад сууж байгаа хүн байгаа шүү. Шалгалтын үр дүнг бас мэдэгдэнэ үү?”

Дэгийн хуулийн дагуу УИХ гишүүн болон байнгын хорооны гишүүний горимын саналаар хаалттай хуралдана гээд гишүүд дэмжвэл хаалттай горимд шилжих дэгтэй. Тиймээс 2 байнгын хорооны хурал дээр гишүүн санал гаргасан учраас хаалттай горимоор хуралдсан гэдгийг байнгын хорооны дарга нар хариулт өглөө. Мөн Ерөнхий прокурор нэмэлт мэдээлэл өгсөн юм.