Ж.Мөнхбат: Цаг үеийн асуудлыг шийдэхийн тулд парламентынхаа дархлааг унагаах вий
Өнөөдөр /2018.01.09/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
Үндсэн хуулинд төрийн эрх барих дээд байгууллагыг парламент гэж заасан. Парламентын засаглалтай улс орны жишгийг харахад парламентынхаа дархлааг хадгалах, хамгаалах алхмуудыг хийж ирсэн. Өнөөдрийн хууль үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдож орж ирж байна. Одоогийн нөхцөл байдлыг шийдэхийн тулд энэ хуулийг баталлаа гэхэд парламентын дархлаа сайжрах уу?
Парламент дандаа нэг намын 64, 65 суудалтай байхгүй. Цаашдаа парламентын харилцаа янз бүр байна. Ийм үед жил тутам УИХ-ын даргыг огцруулаад байдаг жишиг рүү орох эрсдэл байна уу?
Энэ хуулийг батлахад Үндсэн хуулийг зөрчинө гэх асуудлыг хуульчид ярьж байна. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хуулийн цэц дээр очих магадлал байгаа юу?
Энэ хуулийг санаачилсан хүмүүс нь дараа үеийн парламентын гишүүн, Ерөнхийлөгч болж үлдэх юм биш биз дээ.
Цаг үеийн асуудал арилна. Харин монголын төр мөнх оршино.
Үндсэн хуулийн өөрчлөлтйн асуудлыг бид ярьж байна. 2 жилийн өмнөөс эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг байгуулсан. Энэ хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалтай хэр уялдаж байгаа вэ? Монгол төр дархлаатай байх ёстой гэсэн зарчимтай зөрчилдсөн хууль баталаж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна. Цаг үеийн асуудлыг шийдэхийн тулд парламентынхаа дархлааг унагах вий.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:
Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр цэцэд очихгүй. Үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсгийг яг таг баримталж өргөн барьсан. УИХ-ын даргыг чөлөөлөх үндэслэлд тооны хязгаарлалт байхгүй. Одоогийн байдлаар 5 дээр нэмээд 6 дахийг үүсгэж байна. УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацаагүй бол ийм хууль өргөн барих шаардлага байхгүй. Томилгоотой холбоотой хуулиудад нэг зарчим бий. Яаж томилогдсон байна, тэр замаараа чөлөөлөгддөг. УИХ-ын дарга нийт гишүүдийн дундаас 4 жилийн хугацаатай даргаар томилогддог.
Засгийн газар хамгийн дархлаа султай байгууллага байна. 19 гишүүн гарын үсэг зурвал Засгийн газар огцорно. Парламентын дархлаа сулрах асуудал дээр Засгийн газрыг бодвол бага байна.