Б.Ганхуяг 2019.02.12 | News.mn

Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна

Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр /2019.02.12/ Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнөөр байгалийн баялгаа зөвөөр ашиглаж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах буюу шатдаг хий, моторын түлш, утаагүй түлш, ногоон технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлын талаар эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүдээс сэтгүүлчид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаар илүүтэй сонирхон асууж байлаа. Ингээд дараах эх сурвалжуудын яриаг хүргэе.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРДЭМТЭН СУДЛААЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЭГ ЖИЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

-Түүхий эдийг хэрхэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг өнөөдөр ярих цаг болсон. Эрдэмтэд юу бодож байгааг Засгийн газар бодитоор хэрэгжүүлэх цаг ирсэн. Ер нь дэлхийн улс орны хоорондын өрсөлдөөн бол инноваци, үйлдвэрлэл, шинжлэх ухаан болж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн дөрвөн жилээр харж болохгүй. Өнөөдрийн зөвлөгөөнөөр монголынхоо эрдэмтэн, судлаачидтайгаа нэг жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашлаад бид яаралтай баялагийн сан байгуулах ажлыг цогцоор нь судлах шаардлагатай байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү гэдэг дээр иргэдийн саналыг харж байгаа.

Зарим иргэд нэмүү өртөг шингээсэн инноваци юм уу, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хувьцааны ногдол ашгаа хандивлаж болох уу гэж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас комисс гаргаж ажиллах нь зүйтэй юм. Одоогоор Засгийн газраас 1072 хувьцааны нэгжийн үнэ хэд байх вэ, бүртгэлээ хэрхэн явуулах вэ гэдгийг судалж байгаа. Нийгэмд үүсээд буй эргэлзээг тайлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас долоо хоногт нэг удаа хүссэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байх болно. Жишээлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаарх мэдээлэл байна.

 Б.ГАНХУЯГ: ОДООГООР 1072 ХУВЬЦААНЫ НЭГЖ ҮНИЙГ ТООГООР ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

-Ер нь бол инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. Хуулиараа бол 50 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллага шийдвэрлэх заалт бий. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд ярьсан зүйл байгаа. Ер нь бол аудитын тайлангийн дараа манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл тайланд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогоор бол иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй байна. Учир нь Үндэсний аудитын газраас баталгаажсан тайланг Татварын ерөнхий газраас баталгаажуулдаг. Манай компанийн хувьд 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлэн 2016 он хүртэл ашиггүй ажилласан. Харин 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Засгийн газрын эрх хэмжээнд 1072 хувьцааг 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох, хувьцааны хэмжээг нэмэх эсэхийг шийдвэрлэнэ. Яагаад гэвэл төр компанийн 85 хувийг эзэмшиж байгаа шүү дээ.


Зөвлөгөөний үеэр академич Б.Авидын танилцуулсан “Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах тнехнологи” гарган авах тухай илтгэл сонирхол татаж байв.

Тэрбээр ярихдаа

“Монгол Улс түүхий нүүрс, зэсийн үйлдвэрлэл дээр суурилж хөгжинө гэдгийг яриад байна. Нүүрс дотроо гүнзгий боловсруулалт. Гүнзгий боловсруулалт нь нүүрсийг коксжуулах, хийжүүлэх хоёр арга бий. Нүүрсийг коксжуулж төмрийн хүдрийг боловсруулж, цэвэр төмөр экспортлох боломжтой болох юм. Нөгөө талаасаа түүхий нүүрсээс хий гаргаж авч болно. Байгалийн хий гарган авч, утааны асуудлаа ч шийдвэрлэх боломжтой. Манай улсад хийн аж үйлдвэр хөгжөөгүй учраас суурь аж үйлдвэрийг хөгжүүлж, эрчим хүч, дулаан гарган авах бололцоотой. Мөн манай улс зэс хайлуулах үйлдвэр барих гэхээр үйлдвэрээс гарч буй хүхрийн хүчлийг ашиглах хэрэглээ байдаггүй. Тиймээс нүүрснээс гарах хийг хүхрийн хүчилтэй нийлүүлж, азотын бордоо үйлдвэрлэх ч юм уу маш олон гарц байна” гэдгийг хэлж байв.


Мөн энэ үеэр академич С.Батмөнх “Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьлаа.

Тэрбээр

“Цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компани түүхий нүүрсийг боловсруулаад байх бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч, усны хангамж чухлаар тавигдах болно. Говийн нутаг дэвсгэр цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай газар. Тийм учраас нүүрснээс хий гаргах зэрэг бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дагалдах эрчим хүчийг ашиглаж болно. Цаашдаа уур хийн цахилгаан станц баригдах асуудлыг ярьж байна.” гэж ярилаа.