Ц.Байгалмаа 2019.05.11 | Ub.life

Граф-Арт: Тригнометрийн томъёо ашиглан зурсан 10 шилдэг зураг тодорлоо

Граф-Арт: Тригнометрийн томъёо ашиглан зурсан 10 шилдэг зураг тодорлоо

Хүүхдүүдийн хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой “Граф-Арт” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ тодрууллаа. Монгол Коосэн Технологийн Коллежийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохиогдсон уг тэмцээнд хүүхдүүд график тооны машин ашиглаж, тригнометрийн томъёогоор дамжуулан зураг зурж өрсөлджээ.

Харандаа, цаас ашиглахгүйгээр зөвхөн тоо бодох замаар зураг зурах эл тэмцээн нь хүүхдүүдээс маш нарийн тооцоолол хийхийг шаардах ч математикийн томъёог сонирхолтой байдлаар ойлгуулж, хэрэглээний маш нарийн мэдлэгүүдийг олгодгоороо давуу талтай юм байна.

График тооны машинаар томьёо ашиглан зураг зурах сургалтыг явуулсан Японы Коосэн Технологийн Коллежийн багш, доктор, профессор Сатоо Ёшитака "Энгийн хичээл дээр тэгшитгэл бодох, функц байгуулахыг тус тусад нь үздэг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг ямар утга учиртай, юунд ач холбогдолтой вэ гэдгийг хүүхэд төдийлөн ухамсарлахгүйгээр тоог боддог. Харин уг функцыг тооны машин руу оруулснаар тодорхой график болон харагдаж хүүхдүүд утга учрыг нь илүү сайн ойлгодог. Нөгөөтэйгүүр дуртай зургаа зурах гэсэн хүүхдүүд үүнээс салж чадалгүй, шимтэн суралцдагаараа ач холбогдолтой юм" гэлээ.

ШУТИС-Коосэн Коллежийн нэгдүгээр курсын оюутан Ц.Ганбаяр "Монгол, Япон хоёр улсын харилцааг хамгийн сайн илэрхийлж чадах зүйл нь сумо гэж бодоод ийм зураг зурсан юм. График тооны машин дээр дээд тал нь 99 функц орох боломжтой байдаг. Тиймээс би бүх боломжоо ашиглаад 99 функц бичиж зургаа зурсан. Тооны машин дээр зөвхөн Ү функц ордог болохоор босоо зураас оруулахад хамгийн хүндрэлтэй байсан" хэмээн ярьсан юм.

Дашрамд дурдахад, Энэ удаагийн тэмцээн нь “Монголын Бүтээлч Ирээдүй - Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан гурав дахь арга хэмжээ юм байна.