Утаатай бүсийн 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
2025.03.19

Утаатай бүсийн 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2025.03.19/ хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

Өрхүүд хийн болон цахилгаан халаагуураас сонголтоор тавьж, хэрэглээний зардлаасаа сар бүр 100 мянган төгрөг хөнгөлөгдөнө

Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж, 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь даралтын зуухаар халаалтаа шийдэж байна.

Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг зүйлс хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг. Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталж, тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айлыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө амжуулна гэлээ. Ингэхийн тулд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой аж. Ингэсэн тохиолдолд өрхүүд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс сар бүр 100 мянган төгрөгөөр хөнгөлөгдөнө. 

Энэ ажлыг дан ганц хот гэлтгүй бүх яамд хамтарч хийнэ. Учир бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бий. Ингэж нэг зэрэг хамтаараа хөдөлж байж агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц бууруулах ажлын эхлэлийг тавина.