Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв
2020.12.09

Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан байдаг.

Анх зургадугаар сард өргөн барьж хэлэлцүүлсэн ч тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг Ерөнхийлөгчид буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Шалтгаан нь ийм хууль батлагдвал хоёр тогтолцоот банкны систем нурахад хүрнэ, цаашлаад валютын ханшид сөргөөр нөлөөлнө, арай ядан бий болж байгаа эдийн засгийн өсөлт, сэргэж ядаж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүрнэ гэж тухайн үед гишүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байв.

Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор 2018 оны аравдугаар сард  Ерөнхийлөгч дахин өргөн барьсан. Ерөнхийлөгч уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Валютын зохицуулалтын тухай хуулийн 10-т “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэж заалт нэмэх төсөл юм. Улмаар Төвбанкны тухай хуулийн зургаад “хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт тусгасан төслийг дагалдуулан өргөн барьсан юм.

Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан дээрх хуулийн төслийг  өмнөх парламентад хамтатган хэлэлцэхээр болж улмаар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Намрын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан ч тус хуулийн төсөл өдгөө сураг алдарсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа юм.


Уг хуулийн төслийн талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.

Ерөнхийлөгчийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанкаар гүйцэтгэдэг байх” гэж оруулсан нь бидний өргөн барьсан хуулийн концепцтой ерөнхийдөө зорилго ижилхэн.

Бидний санаачилсан хуульд “Гадаад гүйлгээнд эдийн харъяат болон харъяат бусын хооронд хийгдсэн урсгал санхүү, хөрөнгийн гүйлгээг монголд үйл ажиллагаа явуулж буй банкаар дамжуулж болно гэсэн заалт бий. Дотоодын банкаар гэж зааснаас илүүтэй Монголбанкаар гэж оруулсан нь илүү баталгаатай гэж бид үзсэн.

Тиймээс Төвбанк хяналтаа тавина гэж хуульд орж байгаа. Хоёрдугаарт, энэ хуулийн төслөөр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан.

Одоогоор манайд үндэсний статистикийн хэмжээний валютын мэдээллийн сан байдаггүй. Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай гэсэн хоёр тусдаа хуулийн  хэрэгжилт өнөөдөр амьдрал дээр тун хангалтгүй. Тиймээс энэ хоёр хуулийг нэгтгэж, валютын нэгдсэн зохицуулалттай болох шаардлагатай байгаа юм. Валют солих цэгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хариуцна гэдэг.

Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиндаа тодорхой тусгаж өгөөгүйгээс болж валют солих цэгүүдэд хяналт тавьж чаддаггүй. Нөгөө талд Монголбанканд  валют солих цэгүүдэд хяналт тавих эрх нь байдаггүй. Тиймээс уг хуулиар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны  чиг үүргийг маш тодорхой тусгаж өгсөн.

Дэлхийн ихэнх улсад Төвбанк нь орж, гарч буй их хэмжээний валютын урсгалыг хянаж байдаг. Манайх энэ тогтолцоо руу орох ёстой. Ерөнхийлөгчийн болон гишүүд бидний санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг зарим хүн мушгиж тайлбарлахдаа хөрөнгө оруулагчдыг үргээх нь, Оюутолгой, Тавантолгойг зогсоох нь гэж нийгэмд буруу ойлголт явж ирсэн. Харин ч эсрэгээрээ энэ хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Оюутолгойн талаас ч гэсэн хэлж байсан. “Бид эсэргүүцэхгүй, орж, гарч буй валютыг дотоод банкаар нь дамжуулж болно. Хамгийн гол нь даах чадвартай эсэх хоёрдугаарт, хариуцлагатай, баталгаатай байж чадах” гэсэн ийм хоёр шалгуурыг л тавьж байгаа.

Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкууд даах чадвартай эсэх асуудал. Банк нь дампуурах эрсдэл, эсвэл хувийн мэдээллийг ил гаргаж улстөржүүлээд байх вий гэсэн болгоомжлол байна гэсэн үг. Тиймээс “Монголбанк” гэж оруулах нь зөв гэж үзэж байгаа. Монголбанк дампуурна гэсэн ойлголт байхгүй, нөгөө талаас найдвартай.

Намрын чуулганы хугацаад Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Төвбанк ч гэсэн хүсэлтээ тавьж байгаа. Энэ хуулиар дан ганц валютын гадаад, дотоод урсгалыг хянахгүй. Нийтдээ Монгол Улсын валютын зах зээлийг шинээр тодорхойлох, биржийн болон биржийн бус хэлбэрээр зохион байгуулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэсэн чухал ач холбогдолтой.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Уул уурхайн томоохон компаниуд тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын уул уурхайгаас гаргаж буй бүтээгдэхүүний мөнгөн гүйлгээ, тооцоог Монголбанкаар дамжуулдаггүй. Ингэхдээ өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулах эсвэл хөрөнгө оруулалтад зарцуулагдах зардлаа Монголоор дамжуулдаг.

Энэ нь манай улсын валютын нөөц болон төгрөгийн ханшийн уналтад шууд нөлөөлж байгаа. Хэрэв Оюутолгойн бүх төлбөрүүд Монголбанкаар дамждаг болбол бид валютын ханшийг барьж улмаар иргэдийн амьдралд эерэгээр тусна. Мөн валюын ханш унах боломжой. Харамсалтай нь өнөөдөр ингэж чадаагүйгээс валютын ханшийн өсөлтийг дагаад импортын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсч эцсийн хэрэглэгч болсон ард иргэдийн нуруун дээр ачаа болж байна.