АЧААЛАЛ ИХТЭЙ МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ АНХААРНА.
2025.04.15

АЧААЛАЛ ИХТЭЙ МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ АНХААРНА.

Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдынхаа санал бодлыг нь сонсож ярилцлаа.

Тус аймгийн бүх суманд үйл ажиллагаа явуулж, зорилтот бүлгийн өрх, иргэдэд хамгийн ойр ажилладаг байгууллага учраас ажлын ачаалал өндөртэй байдаг.

Хэдийгээр цахим шилжилт хурдтай явагдаж байгаа ч анхаарах асуудлууд бий. Хөдөөгийн алсагдсан багийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд тэр бүр ухаалаг гар утасгүй. Цахимаар хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй бүлэг байгааг цаашдаа анхаарч хүндээ хүрдэг үйлчилгээгээ сонголттой болгох, мэргэжилтнүүд маань цаас, цахим гэсэн хоёр давхар ажлын ачаалалтай. Дээрээс өгч байгаа тайлан мэдээлэл нь давхардал ихтэй.

Ер нь зарим журмуудаа эргэж харахгүй бол болохүй болсон. Жишээлбэл түлээ нүүрсний хөнгөлөлт авдаг байсан ганц бие ахмадууд шинэ журмаар энэ эрхээ эдэлж чадахгүй болсон, манай мэргэжилтнүүд хамгийн өндөр ачаалалтай ажилладаг мөртлөө төрийн албаны хамгийн бага цалингийн тарифаар цалинждаг, хөдөөгийн сум, багт хүрч ажиллахад автомашины асуудал нэн чухал шаардлагатай байгаа гээд олон асуудлыг хөндөж ярилцлаа.

Архангай аймаг 2023-2024 оны өвөл зуд болж нөхцөл байдал хүндэрч олон өрх малгүй болсон. Үүний дагуу тус аймагт 2,4 тэрбум төгрөгийн малжуулах төслийг хэрэгжүүлж 300 гаруй өрхийг малжуулсан. Нэг ч малгүй болсон айлд дунджаар 6-7 үхэр олгож, зуданд малаа алдсан өрхүүд эргээд малжиж эхэлсэн сайн жишиг байна.

Зорилтот өрхийн амьжиргааг сайжруулах хөтөлбөрийг сум бүрд амжилттай хэрэгжүүлсэн гээд ололтой ажлууд, цаашид бүс бүсэд нь очиж ажилтан албан хаагчдынхаа саналд тулгуурлаж салбарын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх нь маш чухал юм.