Ц.Шинэбаярыг МАХН-ын дэд даргаар сонгов
2011.01.31

Ц.Шинэбаярыг МАХН-ын дэд даргаар сонгов

МАХН-ын түр штабынхан Онц их хурал хоёр хоногийн турш хуралдуулж, баасан гаригт даргаа сонголоо. Намын даргад Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэв. С.Молор-Эрдэнэ өөрийнх нь хүндэлж явдаг улс төрчдийн хамт нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд нэрээ татсан юм.

Тооллогын комисс Н.Энхбаяр нийт 687 төлөөлөгчийн буюу 75 хувийн санал авч МАХН-ын даргаар сонгогдсоныг зарлахад хурлын төлөөлөгчид алга нижигнүүлэв. Ц.Шинэбаяр 118, Н.Удвал 102хүний санал авчээ. Нэр дэвшигчид бие биедээ харилцан баяр хүргэсний дараа Н.Энхбаяр индэрт гарч үг хэлэв.

Тэрээр "МАХН-ын даргаар сонгогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж цаашид ажиллахдаа баримтлах зарчмын талаар товчхон хэдэн үг хэлье" гэлээ. Тэрээр МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай бичиг явуулжээ. Түүндээ өөрийн оюун ухаан мэдлэг боловсролоо дайчлан төрд зүтгэж явсан. нэр хүнд нь уначхаад байсан МАХН-ыг удирдан олон удаагийн сонгуульд ялуулж байснаа дурдсан байна. Мөн "их өр, газар хувьчлал, Мянганы зам. сургуулийн сурагчдын үдийн цай зэрэг олон асуудлыг шийдвэрлэж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явсан. Ажил хийгээд гаргасан алдаа минийх, байгуулсан гавьяа хамтран зүтгэгчдийнх гэдэг зарчим баримталж ажилласан.

Над руу дайрч давшлахыг аль болох тэвчиж ирсэн ч намайг доромжлон гутаахаар мэргэжлийн бүлэг гарч ажиллаж байна. Сүүлийн үед надад тусалж биш надаар туслуулж явсан хүмүүс намайг санаатайгаар гүтгэж доромжилж эхэлсэн. Энэ бүхэн УИХ-ын нөхөн сонгууль, МАХН-ын Их хурлын үеэр гаргасан хандлагаас батлагдаж байгаа" гэлээ.

Н.Энхбаяр МАН-ын Бага хурлын гишүүнд сонгохдоо өөрт нь мэдэгдэлгүй, саналыг нь авалгүй сонгосон нь намын удирдлагын тоомжиргүй, үл тоомсорлосон харилцаа гэж үзэж байгаа ажээ.

Сүүлийн үед МАН-ын Бага хурлын гишүүнээр барьцаалж, ил далд сүрдүүлж, буланд шахах маягаар хандах болсон гэнэ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллах санал тавьсаны төлөө жагсаал цуглаан хийлгэж, санаатайгаар дайрч доромжиллоо гэж үзэн саналыг нь асуулгүй намын Бага хуралд сонгосон алдаагаа нэн даруй засахыг МАН-ын удирдлагуудаас шаардав.

Тэрээр цаашид шударга ёс хаана байна тэнд л байхыг хичээх болно, МАХН-ын даргын албаа ч энэ зарчмаар хашна гэдгээ илэрхийллээ. МАХН Их, Бага чуулган, Гүйцэтгэх товчоо гэсэн бүтэцтэй байх юм байна. Их чуулган нь хоёр жилд нэг удаа хуралдах бол Бага чуулган нь хагас жил тутам хуралдана. Онц их хурлын дараа Бага чуулган хуралдаж МАХН-ын дэд даргаар Ц.Шинэбаярыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удвалыг сонголоо.

 

М.Алтанцэцэг

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.