Д.Зоригт сайдыг огцруулах үндэслэлээ гишүүд ийнхүү илэрхийлжээ
2011.01.31

Д.Зоригт сайдыг огцруулах үндэслэлээ гишүүд ийнхүү илэрхийлжээ

Хаалттай хуралдааны сурвалжлага

2011 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн. Огцруулах долоон үндэслэлийн дотроос Оюутолгойн гэрээтэй холбогдсон хууль, тогтоол болон урт нэртэй хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн талаарх зарим гишүүдийн хэвлэл мэдээллээр гараагүй байр суурийг хүргэж байна. Эдгээр байр суурь Монголчуудын эрх ашиг, хөгжилтэй салшгүй холбоотой билээ.

УИХ-ын гишүүнД.Ганхуяг: Бид алькомпанийн34хувийгэзэмшээдбайгаа нь одоо чтодорхойгүйбайна


Үндсэн хууль болон бусад хуулиудыг биелүүлэх үүргийг Ерөнхий сайд, Засгийн газар УИХ-ын өмнө хариуцдаг. Улс орны хөгжилд хууль дээдлэх, шударга ёсыг дагахаас илүү нөлөөтэй хүчин зүйл байхгүй гэдэг нь батлагдсан зүйл, Парламентын засаглалтай оронд хариуцлагагүй ажилласан Засгийн газрын гишүүнийг УИХ-ын дарга нь захиа явуулаад, Ерөнхий сайд нь донгодоод өнгөрдөг орон ховор. Бидний зорьж яваа зарим оронд ажлын цагаасаа 30 минут хумсалж гольф тоглосон, эсвэл албаны унаагаа хувьдаа ашигласныхаа төлөө сайд нь огцордог юм билээ. Оюутолгойн гэрээ байгуулах гэж зургаан жил болсон гэж ярилаа. Анхны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 2007 оны долдугаар сарын 10-ны 14.00 цагт УИХ-д орж ирж байсан юм. Огцруулах үндэслэлийн УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй нь үнэн. Баялгаа үнэлээд, ашгаа тооцоод, 34 хувиа үнэгүй ав гэсэн. Гэвч хөрөнгө оруулалтын гэрээнд 34 хувиа 800 сая.ам доллараар худалдаж авсан.

 

Энэ нь гэрээнд зааснаар бол 11-12 хувийн хүүтэй. Хүү нь жилдээ 90 гаруй сая ам.доллар. Энэ мөнгийг Оюутолгой төслөөс ирээдүйд Монголын талд орох орлогоосоо төлөх өр. Тэгэхэд сайд ганц доллар төлөхгүй гэж ярилаа. Ингэж ярьж болно гэж үү. УИХ Засгийн газарт Оюутолгойн гэрээг байгуулах зөвшөөрлийг олгож 57 дугаар тогтоолоор чиглэл өгсөн. Энэ тогтоолын нэгдүгээр заалтын Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 34 хувийг эзэмших. Гэтэл аль компанийн 34 хувийг эзэмшээд байгаа нь одоог хүртэл ойлгомжгүй байна. Ингэснээр олон улсын хөрөнгийн биржид хувьцаа нь үнэлэгдэж байгаа "Айвенхоу майнз" компанийн үнэлгээ гэрээ байгуулснаас хойш 10 гаруй дахин өсөж 14 тэрбум болсон байна.

 

Энэ нь Монголд ямар ч хамааралгүй байна. Энэ компани ингэж үнэлэгдэж байгаа нь манай баялгийн хүч биз дээ. Энэ компани өнөөдрийн байдлаар хувьцаа гаргаж 1.5 тэрбум долларын орлого олсон. Энэ Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь. Энэ орлогоо 12 хувийн хүүтэй зээл болгож ордыг ашиглах Оюутолгой ХХК-д зээлүүлэх юм. Энэ бүхнийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан байгаа. Энэ байдлыг юу гэж үзэх юм бэ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын тогтоолоор батлагдсан стратегийн 15 орд байгаа. Үүнээс Оюутолгойгоос бусад нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон, Таван толгой техник эдийн засгийн үндэслэл нь хүртэл хийгдсэн. Гэтэл Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах баримт бичгийн төслийг энэ Засгийн газар УИХ-д оруулж ирэхдээ Ухаа худгийн ордыг тасдаж орхиод оруулж ирсэн. Хуулиар улсын төсвөөр хайгуул хийгдсэн стратегийн ордын тухайд хайгуулын лиценз дахиж олгохгүй, ашиглалтын лиценз олгохоор бол уралдаант шалгаруулалтаар, гэхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг заавал УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байгаа.

 

Гэтэл Ухаа худгийн цэвэр ашиг хамгийн багадаа дөрвөн тэрбум доллар. Гэтэл энэ ордыг эзэмших компани лицензийн төлбөрт үсрээд нэг сая ам.доллар төлсөн байгаа.Ухаа худгийн орд чинь өнөөгийн Багануурын уурхайтай нөөцөөрөө адилхан, ашгаар нь тооцвол дахин илүү ийм л орд .Эндээс харахад эрхэм сайд та Монголын ард түмэн гэхээсээ илүү дотоодын олигархиуд, эсвэл  гадныханд үйлчлээд байгаа юм биш үү. Бид урт нэртэй хуулийн тухай ярьж байна. Усны эх газар, ой модны хагалбар газар гэдэг чинь тэмээнээс тэмдэгтэй газар. Тийм газарт дахиад 192 лиценз өгсөн байна. Тэгээд хууль зөрчөөгүй гээд байх юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Баярцогт, Зоригт хоёр үнэхээр сайн еэвэнддэгулсууд

-Өнөөдөр бид өөрсдөдөө дүгнэлт хийхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл Монголчууд "Түмний хараа хурц, Төрийн чих сонор байх ёстой" гэж ярьдаг. Бодит байдал дээр Төрийн чих нилээн хатуу болсон байна. Ер нь хамтарч байгаа гэсэн "нэрийн доор ямар ч хяналт байдаггүй, хариуцлага тооцож чадахгүй болсон. Үүний нэг тод жишээ өнөөдөр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэж байгаагаас харагдаж байна. Энэ асуудлыг хэлэлцэхдээ хамгийн сүүлд оруулж, хэвлэл мэдээллийнхэн огт байхгүй,олон түмэндээ асуудал хүрэхгүй ийм зохион байгуулалттай хийж байна.

 

Хамтарсан Засгийн газрын сайд С.Баярцогт, Д.Зоригт нар үнэхээр сайн еэвэнддэг улсууд. "Зэрэг нэмэхийн өмнө"кинонд еэвэнгийн талыг хоёр удаа эргүүлж, тойруулж харуулдаг. Манайхан тал еэвэнг 25 удаа эргүүлж, тойруулж харуулдаг. Ийм асуудлыг бид сайн ярих ёстой. Ерөөсөө юу бодогдоод байна гэхлээр сүүлийн 15, 16 жил эрдэс баялгийн салбарт явуулж ирсэн бодлогоо нэгтгээд нэг дүгнэмээр байна. Ялангуяа Бороо гоулд, Цайрт минерал, Чинхау Мак зэрэг компаниудыг яримаар байна. Одоо дээр нь Оюутолгой нэмэгдлээ. Бороо гоулд 40 тонн алттай байсан гэдэг. Оюутолгойн орд үүнээс 40, 50 дахин том орд. Таван толгой гэж түүнээс дутахгүй том орд байна. Өнөөдөр Ард түмэн ядуу зүдүү хэвээрээ. Цөөхөн хэдэн хүн дэлхийн тэр бумтнуудын жагсаалтад орохоор болж байгаа байх. Эдгээрийг цэгцэлмээр байна.

 

Одоо ил тод ярих хэрэгтэй. Бороо гоулдтой Ерөнхий сайд С.Бат-болдыг холбоотой гэдэг, Энержи ресурсийн ард Г.Батхүү сайдыг байдаг гэж ярьж байна. Төмрийн ордоос төмөр зөөсөн барьсан гээд С.Баярцогт сайдыг хэлж байна. Ийм ийм юмнуудаа тодорхой болгомоор байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юм гэвэл 40, 50 сая долларыг менежментийн төлбөрт төлөхөөр гэрээнд байна лээ. Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор 400.000 долларын цалин-тай менежер авч ажиллуулна гэж яриад байгааг чинь юу гэж ойлгох юм бэ. Иймэрхүү л маягтай юм хийгээд байх юм. Таван толгойг чинь Монгол хүн яагаад ашиглаж болдоггүй

юм. Тэр Урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнд лиценз цуцлагдсан аж ахуйн нэгж, компаниудыг тэнд яагаад ажиллуулж болдоггүй юм. Би энэ урт нэртэй хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг.

 

Энэ хуулийг хэрэгжүүлэх бололцоо нөхцөлийг бүрдүүлээч, ингэж хэрэгжүүлээч гэдэг талаас нь би Засгийн газарт ялангуяа Д.Зоригт сайдад удаа дараа хандсан. Энэ бүхэнд ирж байгаа хариу зөрүүтэй тун хариуцлагагүй байгаа. Тухайлбал: 2010.12.08-ны байдлаар гурван албан тоот ирэхэд энэ хууль батлагдсанаас хойш хориглосон газартай давхцуулаад 192, 361, 1700 лиценз олгосон гурван зөрүүтэй тоо ирүүлж байх жишээтэй. Ийм маягаар асуудалд хандаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлээгүйгээр хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, УИХ-д даалгаврыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй зэрэг хариуцлагын асуудлууд байгаа юм. Би зөвхөн нэг жишээ татаж байна. Тийм учраас цаашид хариуцлага хүлээдэг байх ёстой. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал бол УИХ-д байдаг л зүйл.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.