Д.Зоригтыг огцруулахаар гишүүд санал нэгдлээ
2010.12.28

Д.Зоригтыг огцруулахаар гишүүд санал нэгдлээ

Д.Зоригт сайд улс төрд хөл халтирлаа. Түүнийг сайдынх нь суудлаас эргүүлэн татахаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар УИХ-ын даргад албан бичиг өргөн барив. Сайд, УИХ-ын гишүүн тэрбээр сүүлийн үед их зан сууж нөхдийнхөө дургүйг хүргэх болсон. Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр бусдыгаа үл тоомсорлож, хүний үг авахаа больсон билээ.

Үнэндээ түүнийг сайдын сэнтийд тухалсны горыг Монголчууд мэдрэхийн дээдээр мэдэрсэн. Оюутолгойн гэрээг үзэглэсэн гурван сайдын нэг нь тэр. Мөн гэрээг сайжруулах ёстой байжээ гэх нөхдийнхөө шүүмжлэлийг авахаасаа илүү өөдөөс нь өрвөлзөж, "Айвенхоу майнз" хэмээх компанийг цээжээрээ хамгаалах болсныг хэн хүнгүй харах болсон.

Бүр асуулга тавьж, асуулт асуух гишүүний хариултад ч элэглэх байдлаар хариулж, бусдын ундуйцлыг хүргэх болсон билээ. Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаяр дээрх компанийн талаар материал хүссэн боловч түүнийг хүн чинээ тоогоогүй. Энэ талаар Ерөнхий сайдад хандаж, бүр эцэст нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр түүний талаар олны өмнө хэлсэн ч тэрбээр мөн л авч хэлэлцээгүй.

Иймээс арга мухардсан Ц.Батбаяр гишүүн "Удаа дараа хариуцлагагүй гэрээ хийж, гишүүдийн асуултад байнга хайнга байдлаар хариулдаг. Бусдыгаа үл тоомсорлодог зэргийг нь үндэслэн Д.Зориггыг сайдынх нь суудлаас огцруулах шаардлага хүргүүлнэ" хэмээн ам гарч байсан. Тэгвэл өчигдөр хэлсэн үгэндээ эзэн болж, түүнийг өргөн мэдүүллээ.

Д.Зоригтын сүүлийн төлөвлөгөө ч өнөөдөр амжилттай хэрэгжиж уул уурхайн салбарынхан элгээрээ мөлхөхөд хүрээд байгаа. Үүнийг даган арилжааны банкууд ч шил шилээ даран хаалгаа барих дээрээ тулсан. Мөн төдий тооны иргэн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж, гудамжинд   лааз өшиглөнө. Байрны зээлтэй нэг нь гэр бүлээрээ траншейнд бүл нэмнэ. Мөн олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын нэртэй хувьцаанууд өдрөөс өдөрт унаж буй.

Гадна, дотнын хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө хумиж эхэлсэн. Төлөвлөгөөний эцсийн үр дүн ердөө л энэ. Гэсэн ч тэрбээр дахин лиценз цуцална гэдгээ амласан. Зогсохоо умартсан төлөвлөөг сайдыг нь огцруулж байж л чөдөрлөж мэдэх юм. Иймдээ ч Д.Зоригт золигт гарч мэдэх нь. Шинэ оны босгон дээр уул уурхай болон банкны салбарынханд эмгэнэлт бэлэг барьсан тэрбээр өөрт нь ийм хариу ирнэ чинээ зүүдлээ ч үгүй биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.