Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн гэрээг өөрчлөх боломжтой
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн төслийн явцтай танилцлаа. Засгийн газрын хур алдаан дээр танилцуулснаар олборлолтыг ирэх оноос эхлэх боломжтой гэнэ. Төслийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулагчид “Оюутолгой” төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоо гарчээ. Монголын талын олох 29.1 тэрбум ам.долларын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюутолгой” төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувийн ноогдол ашиг, 19.2 тэрбум нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоаж. Гэвч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нар уг гэрээг Монгол Улсад ихээхэн алдагдалтай болсон гэж үзэж байгаа. Тиймээс төслийн техник эдийн засгийн үндэслэл, холбогдох бусад асуудлыг нягтлах зорилгоор УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ажлын хэсэг хуралдаад ямар шийдвэр гаргасан бэ?
-2009 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдсан. Тухайн үед бид Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ахлаад ажилласан. Асуудал юу байсан гэхээр Оюутолгойн орд газарт үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг авч хэлэлцэх хэрэгтэй байсан. Ажлын хэсэг хуралдаад УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдсан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх удирдамж гаргасан. Энэ ажлын хүрээнд ажлын хэсгийн дүгнэлтээ байнгын хороонд оруулаад АБГББХ-ноос тогтоол гаргасан. Энэ тогтоолд УИХ-аас батлан гаргасан 57 дугаар тогтоолд заасан анхны хөрөнгө оруулалтаа хөрөнгө оруулагч тал нөхөж авсны дараа Монголын талын эзэмших хувийг 50-аас доошгүй хувьд хүргэх заалт орсон байгаа. Харин нөгөө асуудал бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Хуучнаар бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь өсөн нэмэгдэх роялтид хамаарахгүй байхаар заасан байсан. Харин байнгын хорооны тогтоолд шинээр батлагдсан хуульд нийцүүлж зөвхөн Оюутолгой бус, Монгол Улсын Засгийн газартай урьд өмнө нь тогтвортой байдлын гэрээ байгуулсан байсан Бороо гоулд, Цайрт менирал, Чин хуа мак зэрэг олон жил хэл ам таталсан, хэнд ч юунд ч захирагддаггүй компаниудыг өсөн нэмэгдэх роялтийн татварт хамруулахаар заасан юм. Энэ их чухал асуудал. Ер нь анх Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлэхэд бидний хэдэн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Бид эсрэг байр сууринаас хандсан гол шалтгаан нь Монголын ард түмэнд энэ том ордыг ашигтай байлгах хэлбэрээр гэрээг байгуулаач гэдэг асуудлыг л тавьсан.
-Монголын Засгийн газар Оюутолгойн хувьцааны яг хэдэн хувийг эзэмших гэж байгаа талаар олон янзаар ярьж байна. Хамгийн сүүлд 4,6 хувийг эзэмших юм байна гэсэн яриа гарсан?
-Манай УИХ-ын шинжилгээ судалгааны төв байна. Мөн бусад эрдэмтэн судлаачид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачид гээд оюуны потенциал их байна. Энэ хүмүүсийнхээ нөөц бололцоог ашиглаж ажиллахаасаа илүү гадаадыг шүтэх үзлээр асуудалд ханддаг нэг гажуудал байна. Энэ судлаачдад олон улсын төвшинд хийсэн судалгаа байна. Бусад улс орнууд, дэлхий нийтийн жишиг бол олон улсын томоохон төсөлд хөрөнгө оруулж байгаа тал нь 15 хувийн ашигтай байхад энэ төслийг санхүүжүүлдэг юм билээ. Харин үндсэн ордыг эзэмшиж байгаа хөрөнгийн эзэн тал нь 85 хувийн ашгаа авч байгаа төслийг хангалттай гэж үздэг, ийм жишиг ч байдаг юм билээ. Гэтэл манайх дандаа эсрэгээрээ явж байна. Жишээ нь, бидэнд ирж байгаа мэдээллээр Бороо гоулдын 50 тонн алт байна. Багаар бодоход нэг тэрбум ам.долларын орд, үүний дөнгөж арав орчим хувь буюу 100 хүрэхтэй үгүйтэй сая долларыг бүх татвар, татаасаа хамж шимээд авсан, бусдыг нь гаргаад алдсан байх жишээтэй. Ийм л хачин зүйл хийгээд байна. Өвөг дээдэс минь үр хойчдоо үлдээсэн энэ их баялгийг ямар ч үр дүнгүй гаргаад алдаж болохгүй. Харин улс орныхоо хойшдын хөгжил, сайн сайхны төлөө ашиглах ёстой.
-“Алтан дорнод Монгол” гэдэг компани байна. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө алтаа олборлож дуусаад гарч байгаа. Тэгээд Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн?
-Бидний туулж ирсэн хуучин тогтолцооны үед бол уул уурхайн талаар баримтлах төрийн бодлого их тодорхой тууштай байсан. Харамсалтай нь 1997 онд ашигт малтмалын тухай шинэ хуулийг гадаадын түлхээс, нөлөөн дор баталж гаргасан. Үүнээс болж хэдхэн жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар, цаашлаад улс орны тусгаар тогтоол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хүнд нөхцөл байдалд хүрлээ. Бүх газар нутгаа хэн түрүүлж өргөдөл бичиж өгсөн хүнд нь лиценз хэлбэрээр олгосон. Нэг хуулийн этгээд, нэг иргэн хэдэн зуун лиценз эзэмшиж байдаг. Түүнийгээ хар зах дээр наймааны хэрэгсэл болгоод худалдсан. Үүний дагуу цөөхөн хүн баясан. Тэр нь цаашаа гадны үндэстэн дамнасан асуудал болж байна. Тодруулж хэлэхэд байгалийн баялаг үүцээ задалж байгаа манайх шиг оронд гадаадын мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс дуртайгаараа орж ирдэг, дуртай ажлаа хийдэг боллоо. Үүний нэг жишээ нь “Алтан дорнод Монгол” компанитай холбоотой асуудал. Миний түрүүний хэлсэн Сентерра гоулд, Бороо гоулд, Цайрт менирал, Чин хуй Мактай холбоотой асуудал байна. Өөр бусад олон компаниуд байна. Хараад байхад одоо ч гэсэн өмнөхөө үргэлжлүүлээд, яг тэр зарчмаар Оюутолгойн гэрээг оруулаад ирж байна. Цаашлаад Тавантолгойн асуудал ямар маягаар явагдаж байна. Сүүлийн үед мэдэгдэж байгаагаар бол бас л зөв гэж хэлэхэд хэцүү чиглэлд яваад байна. Ард нь стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтад оруулсан өч төчнөөн ордууд байна. Тэгэхээр эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого хэрэгтэй. Ашигт малтмалын хуулийг хичнээн жил шүүмжиллээ. Эрдэмтэд судлаачид, иргэд, улс орныхоо төлөө санаа зовниж байгаа бүх хүмүүс энэ асуудлыг сөхөж шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж ирэхэд Д.Ганхуяг нарын гишүүд Ашигт малтмалын хуулиа өөрчлөөд, дараа нь Оюутолгойн гэрээг байгуулъя гэдэг санал тавьсан. Гэтэл бидний тавьсан саналыг хайхарч үзэлгүйгээр Оюутолгойн гэрээг хэлэлцээд эхэлсэн. Харин УИХ-ын 57 дугаар тогтоолоор маш тодорхой үүрэг чиглэл өгөөд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50 хувь болго. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоолын дагуу энэ гэрээг хий гэдэг тодорхой чиглэл өгсөн. Гэтэл С.Баярын Засгийн газар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бус, харин гадаадын компанитай байгуулсан гэрээнд Монгол Улсын хуулийг нийцүүлэх байдлаар Оюутолгойн гэрээг УИХ-д оруулж ирсэн. Бид энэ асуудлыг эхнээс нь шүүмжилсэн.
-Тэгвэл Оюутолгойн гэрээг сайжруулах чадамж С.Батболд сайдын толгойлж байгаа Засгийн газарт байгаа болов уу?
-Үүнийг хийх л ёстой. Чадамж гаргах л ёстой. Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан, одоо дахиад АБГББХ-ны тогтоол гарч байхад Монгол төрийн эрх барих дээд байгууллагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар хийх ёстой. Харамсалтай нь хариуцсан сайдууд, гэрээг байгуулсан С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх гурав бол үнэхээр бидний үйлийг үзэж, цөхрөнг барж байна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг Долдой тал еэвэнг ноёндоо хоёр удаа үзүүлдэг дээ. Гэтэл энэ нөхдүүд бол 25 удаа үзүүлж байгаа байхгүй юу. Бид гаргасан алдааг нь засч сайжруулаад УИХ-д өгөөд байдаг. Амьдрал бол ийм л нөхцөл байдалтай явж байна. Засаад өгч байхад Засгийн газар бол хэрэгжүүлэх л хэрэгтэй байхгүй юу.
-Д.Зоригт, С.Баярцогт сайд нар ажлын хэсгийн хуралдаанд ирж оролцсон гэсэн. Тэд энэ талаар ямар зүйл ярьсан бол?
-Ер нь бол асуудлыг үндсээр нь өөрчлөх биш, өнгөн засвар хийгээд байна. Миний хэлж байгаачлан тал еэвэнг 25 удаа үзүүлээд байна. Ялангуяа манай сайд нар, албаны хүмүүс төрийн төлөөлөл шиг биш, гадны компанийн төлөөлөгч шиг асуудалд хандаж, байр сууриа илэрхийлдэг. Үүнд би их харамсч байна. Наад захын жишээ хэлэхэд Хэнтийд Хэрлэнгийн хөдөө арал гэж монголчуудын хамгийн ариун дагшин газарт хайгуулын ажил эхлүүлээд явж байгаа компанийг төрийн захиргааны хүмүүс нь хамгаалаад сууж байгааг хараад үнэхээр ой гутсан.
-Саяхан ЭБЭХ-ний сайд д.Зоригтод хариуцлага тооцуулахаар ярьсан ч байнгын хороо болон танай намын бүлэг “үндэслэл байхгүй” гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар таны бодол?
-Хариуцлага тооцох л хэрэгтэй байна. Дэлхий нийтийн жишиг, парламентад олонх, цөөнх болж, хяналт тогтоодог механизм алдагдсан. Стандарт бус гэдэг чинь хууль бус гэсэн үг. Гэтэл ийм хэлбэрээр байгуулагдсан Засгийн газар байхаар улам л хариуцлага багасаад, хяналтгүй болж байна. Ажилд хариуцлагагүй ханддаг явдал улам ужиграад байна. УИХ-ын гишүүд нь Засгийн газрын хоёрхон сайдад хариуцлага тооцох асуудал тавихад ямар эмзэг хүлээж авч байна. Үнэхээр буруугүй бол эмзэглээд байх асуудал биш шүү дээ.
-Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг хөрөнгө оруулагч тал хэрхэн хүлээж авч байгаа бол. Оюутолгойн гэрээг эргэж өөрчлөх боломжтойгоор хийсэн гэж үү?
-Гэрээг эргэж харах бүрэн бололцоо байгаа. Хамгийн гол нь миний түрүүний хэлдгээр манай талаас төлөөлж ажиллаж байгаа нөхдүүд маань нөгөө талын төлөөлөгч маягаар асуудалд хандаж, гадаадын “долдой” нар болох уу, эсвэл улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурь дээр зогсох уу гэдэг асуудал.
-Та УИХ-ын гурван гишүүний хамтаар намынхаа даргадаа ил захидал хүргүүлсэн. Үүнээс болж Д.Тэрбишдагва гишүүнийг У.Хүрэлсүх дарга “ална” гэж сүрдүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ?
-Би энэ үеэр байгаагүй, тиймээс яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна.