Д.Ганхуяг: Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн биш Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой
Засгийн газар Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийгээд дуусаж байна. Давуу эрхийн хувьцааг зээлийн гэрчилгээгээр солих, Монголын талын 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах зэрэг хэлэлцээний явцад тохиролцсон асуудлаар УИХ-ын гишүүн Д.ГАНХУЯГИЙН байр суурийг сонирхлоо. Учир нь, тэрээр Оюутолгойн гэрээг эсэргүүцэж буй УИХ-ын цөөхөн гишүүний нэг юм.
-Засгийн газар Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар нөгөө талтай хэлэлцээ хийсэн байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар та бүхний яриад байсан давуу эрхийн хувьцаа гээд олон зүйл цэгцрэх үү?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээ бидэнд олдохгүй байсан л даа. Хөөцөлдөж байж олж автал нууц гэсэн тамга дарчихсан байв. Ер нь л шаардлагагүй зүйл дээр нууцын тэмдэг дардаг болчхож дээ. Уг нь Төрийн нууцын тухай хуулиар Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай хийсэн гэрээг шаардлагатай тохиолдолд нууцад хамааруулдаг. Харин Оюутолгойн гэрээ бол хувийн компанитай хийсэн гэрээ. Нууцлаад байх шаардлага байгаагүйг эхлээд хэлье. Муу нуухаас сайн илчил гэдэг дээ. Оюутолгой, Таван толгой бол Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал. Монголын ард түмний хэдэн үеийн амьжиргааг шийдэх зүйл. Ийм зүйлийг эздээс нь нуугаад байх хэрэггүй байсан юм.
-Гэхдээ Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах болсон нь та бүхний хэлээд байгаа,шүүмжлээд буй зүйлсийг сайжруулнабиздээ?
-Хувь нийлүүлэгчдийн гэхээс илүү хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй байна. Оюутолгойн нийт нөөц багаар бодоход 40 сая тонн зэс, бас 1000 тонн алт. Дээр нь мөнгө ч бий. Алт унц нь 1000 ам.доллар, зэсийг7000 ам.доллараар бодоход нийт борлуулалт нь 360 тэрбум ам.долларт хүрнэ. Үүнээс цэвэр ашиг нь 160 тэрбум доллар байх юм. Гэтэл хөрөнгө оруулагчид ордыг ашиглахад таван тэрбум доллар хэрэгтэй гээд монголчууд 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтыг худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, газрын доорхи баялгаа үнэлэхгүйгээр бид 34 хувиа худалдан авч байна шүү дээ.
-Ашигт малтмалын хуулийн дагуу явсан процесс биш гэж үү?
-Би Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэгт 2006 онд орж ажиллаж байгаад дундаас нь гарсан. Энэ баялгаа үнэлэхгүй байж болохгүй, худалдаж авч болохгүй гэж санал гаргаж байлаа. Үүнээсээ болоод ч ажлын хэсгээс дундаас нь гарч байсан. Хүмүүс анхны хөрөнгө оруулалтаа, технологио үнэлж байхад бид газрын баялгаа үнэлэх ёстой биз.
-Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа биз дээ?
-ТЭЗҮ гэдэг тэр ордоос гарах аш-гаа яаж хуваах вэ гэдэг асуудал. Зэс 2000 ам.долларын үнэтэй байхад ийм орд дээр 12 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Одоо бол зэсийн үнэ үүнээс 3-4 дахин өслөө. Хугацаа нь дагаад богиносох ёстой. Тэгэхээр бид 34 хувиа худалдаж авах нь утгагүй юм. Зүгээр л авах ёстой байсан. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчид таван тэрбум ам.доллар оруулж байгаа гэж ярьдаг. Үүнийхээ төлөө тэд 160 тэрбум ам.долларын цэвэр ашгаас оруулсан хөрөнгөө хэд нугалж авна шүү дээ. Арав дахин нугалж авна гэвэл болж байна. 50 тэрбум ам.доллар, тэр нь. Гэтэл одоо 20-30 дахин нугалж авах гээд байна. Оюутолгойн нөөц дахиад нэмэгдэж байна шүү дээ. Зэсийн үнэ 4320 ам.доллар байхад анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилд, 7000-аар тооцвол хоёр жилд л нөхчихнө. Тиймээс УИХ- ын 57 дугаар тогтоолын дагуу анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмшлийг 50 хувьд хүргэх өөрчлөлтийг гэрээнд хийх ёстой.
-Оюутолгойн хувьцааны асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Давуу эрхийн хувьцаа гаргавал Монголын 34 хувь зургаа болтлоо буурна гэж тайлбарласан. Хэдийгээр Засгийн газар давуу эрхийн хувьцаа гаргахгүй гэдгээ мэдэгдсэн ч албан ёсоор баталгаажаагүй болохоор дахин асууж байна л даа?
-Эхлээд нэг зүйл хэлье. Оюутолгойн хөрөнгө оруулагчид ашиглалтын лицензийг ордыг шууд эзэмших эрх гээд ойлгочихсон. "Айвенхоу майнз" манай ашиглалтын лицензээр олон улсын хөрөнгийн зах дээр компаниа үнэлүүлж байна. Нэг нь 2.5 ам.доллар байсан хувьцаа нь одоо 25 ам.доллар болтлоо өсчихсөн. Хувьцаа гаргах юм бол ийм өндөр үнээр зарна гэсэн үг. Гэтэл үүнд нь Монгол ямар ч оролцоогүй, бидэнд юу нь ч хүртээлгүй болчхоод байна. Уг нь хөрөнгийн бирж дээр үнэлүүлж байгаа компанийн хувьцааны 34 хувийг эзэмших хэрэгтэй юм. Тиймээс УИХ-аас хувьцаа хөрвөдөг байх ёстой гэсэн чиглэл Засгийн газарт өгөгдсөн байсан. Үү-нийг биелүүлээгүй. "Айвенхоу майнз" манай ашиглалтын лицензээр мөнгө босгож байгаа учраас үнэлгээ нь 13 тэрбум ам доллар болтлоо өслөө. Тэд одоо хувьцаагаа зарж таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гэж байна. Ингэхдээ давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа, ерийн бичиг гэсэн санхүүгийн гурван хэрэгсэл ашиглана гэдгээ мэдэгдсэн. Монголд хамгийн ашиггүй хэлбэр нь давуу эрхийн хувьцаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд давуу эрхийн хувьцаа хэдэн хувь хүртэл гаргах хязгаарлалт нь тодорхойгүй байгаа. Монголын 34 хувь найм болох нь гэсэн яриа эндээс л үүдэлтэй. Бас тэд давуу эрхийн хувьцаа гаргаад өөрсдөө худалдаад авчих нь гэж байгаа. Улирал бүр ногдол ашиг тэргүүн ээлжид хуваарилж авч, өгч чадаагүй хэсэгт нь хүү тооцож явах юм. Ингэхдээ санхүүжилтийн зээлийн хүү буюу 9.1 хувь дээр нэмэх нь АНУ-ын хэрэглээний үнийн индекс гурван хувийг нэмж авна гэсэн. Ерөөсөө Оюутолгойн гэрээг харахад хувьцааны асуудалд Монгол ямар ч оролцоогүй болчихсон юм билээ.Бас 68 хувийн татварыг энэ оны эхний өдрөөс хүчингүй болгосон. Оюутолгойн гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгөхдөө УИХ-ын даргын протколд тэмдэглүүлсэн үг бий. "68 хувийн татвар арай их юм. Үүнийг хүчингүй болгоод орлох нөөцийн төлбөрийг нь оруулж ир" гэсэн. Энэ бол улсынх нь буюу эзэн хааны авдаг татвар. Оюутолгой ч хамааруулаарай гэсэн. Гэтэл одоо ганцхан Эрдэнэтээс л авахаар болж байх шиг.
-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Оюутолгойгоос авахгүй бол Монголын талын ордоос хүртэх ашиг тооцоолж байснаас буурахуу?
-Анх гэрээ байгуулж байхад 58 хувийн ашиг хүртэнэ гэж ярьж байсан л даа. Нөөцийн төлбөрөө нэмж авахгүй бол 58 хувийн ашиг байхгүй. Одоо бид Оюутолгойд өртэй орж байна шүү дээ. Жилийн 11 хувийн хүүтэй 800 сая ам.долларыг өөрсдийн эзэмших 34 хувиа худалдаж авахад зориулж зээлж байгаа. Бодит байгаа гэрээгээ үзэхээр Монголын талын авах ашиг 40-42 хувь л байх юм билээ. Харин сая баталсан нөөцийн төлбөрийг авбал 60 хувьд хүрэх боломжтой. Нөгөөтэйгүүр, энэ гэрээг 30 жил баталгаажуулж, нэг ёсондоо даатгаж байгаа. Энэ тохиолдолд даатгалын үйлчилгээний хөлс авах ёстой юм. Гэтэл оронд нь 250 сая ам.доллар хүүтэй зээлчихсэн. Хүү нь хэд байх вэ гэдэг нь ч одоо хүртэл ойлгомжгүй байна. Яагаад гэвэл, цаасан дээр буусан юу ч алга.
-Тэгвэл энэ бүхэн чинь Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар шийдэгдэхгүй юмуу?
-Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж баялгаа үнэлдэг болох хэрэгтэй. Дараа нь монголчуудын 34 хувийг нь эзэмшиж байгаа "Оюутолгой" ХХК-ийн хувьцаа "Айвенхоу майнз"-ын толгой компанийн хувьцаа руу хөрвөдөг болох ёстой.
-Сангийн сайд С.Баярцогт Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар монголчуудын төлөх зээлийн хүүг бууруулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд үргэлж эсэргүүцээд байгаа нь ямар учиртай вэ?
-Бид Оюутолгойн гэрээг хурдан явуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байсан. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж болохгүй биз дээ. Монголын тал өртэй, ногдол ашиг бага авах гэрээ байгуулсан нь явцын дунд илэрсэн. Үүнийг эсэргүүцсэн. Түүнийхээ хүчинд ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар боллоо шүү дээ. Ганц Оюутолгой ч биш, цаана нь стратегийн 14 орд бий. Тэр бүхэнд том сургамж үлдэж байна. Нууж хаадгаа больж, ил тод байлгая. Еэвэнддэгээ болих ёстой л гэж Засгийн газарт хэлмээр байна. Нэг юм асуухаар тойруулж, тодорхой зүйл ярьдаггүй, худал хэлдгээ болих хэрэгтэй гэж үзсэн.
-Та сая Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах болсон гэлээ. Засгийн газар болохоор зөвхөн Хувь нийлүүлэгчдийн гэрээгөөрчлөх хэлэлцээ хийж байгаа гэсэн биз дээ?
-Ерөнхий сайд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэж хэлсэн. Тэгэхээр хоёр гэрээнд өөрчлөлт оруулах тухай байх. Бас Сангийн сайд өсөн нэмэгдэх роялтиг батлахад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээ эхэлсэн гэдгийг тодотгоод, Оюутолгойгоос энэ татварыг авна гэдгээ хэлсэн шүү дээ.
-Стратегийн 14 ордыг ашиглахад сургамж болж чадаж байна уу. Одоо Тавантолгойн ордыг ашиглахаар Засгийн газар ажиллаж байна. Та энэ асуудалтай холбогдуулж Ерөнхий сайдад асуулт тавьжээ. Ямар учиртай асуултвэ?
-Оюутолгой, Таван толгойтой холбоотой асуулга өмнө нь тавьсан байсан. Жишээ нь.Таван толгойн Ухаа худгийн хэсгийг нь хасаад УИХ-д оруулж ирсэн. Хуулиар бол заавал УИХ-д оруулж асуудлаа танилцуулах ёстой. Яагаад гэвэл, Ухаа худаг чинь стратегийн ордын нэг хэсэг шүү дээ. УИХ-аар хэлэлцэж хэн хэдэн хувь авах вэ гэсэн хувь хэмжээг нь тогтоох байсан. Нөгөөтэйгүүр, Таван толгойн ордыг социализмын үед хайгуулыг нь хийж тогтоосон. 1984, сүүлд 1990 онд дахин хайгуул хийж, урьдчилсан ТЭЗҮ-ийг нь 100 хувь бэлэн болгосон. Гэтэл лицензийг нь эрх мэдэлтэй хүмүүс авчхаж байгаа юм. Тэд лицензийн төлбөрт нь ганцхан сая ам.доллар төлсөн байдаг. Үүнийхээ хөлсөнд нь Багануураас хоёр дахь ашигтай уурхайг Засгийн газар тасдаад өгсөн шүү дээ. Мэдээж тэрийг хэн ч авч болно. Гэхдээ хуульд нийцүүлэх ёстой. Асуултын хувьд Таван толгойг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулахыг хүссэн. Энэ тогтоолд Таван толгойг хуваахгүй, гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг хоёуланг нь оруул гэсэн чиглэл туссан. Гэтэл сүүлийн үед Таван толгойг хоёр хувааж, бас гадаадынхан дунд тендер зарлаад явж байна. Гэтэл дотоодын аж ахуйн нэгжүүдийн сураг алга. Хэрэв Таван толгойг хоёр хуваавал "Эрдэнэс Таван толгой”-н үнэ цэн буурч, иргэдэд өгөх хувьцааны үнэ, аж ахуйн нэгжүүдэд өгсөн хувьцаа, бас зах зээл дээрээс мөнгө босгоход ч үнэ нь буурчихна. Тиймээс л хэрүүл болохын өмнө явцад нь анхааруулж байгаа юм.