2010.05.13

Г.Баярсайхан:Лүндээ дарга аа, дахиад найман жил хүлээх үү

Ёс зүйн хороотой байхаас УИХ олон жил жийрхсээр бусдын шахалт зөвлөмжөөр түүнийг байгуулаад удаагүй байна. Гэвч Хорооны дүрмийг нь баталж өгдөггүй.Ашгүй өчигдөр дүрмийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлтэл МАХН-ын бүлгийнхэн завсарлага авлаа. Үнэндээ Ёс зүйн дэд хороо байгуулах, дүрэм батлах ажил тэднээс шууд хамаарч арваад жил сунжирсан.

Өчигдөр ч бүлгийн дарга Д.Лүндээжанцан Дэд хорооны дарга Г.Баярсайханыг уурлуулан байж гишүүдээ дагуулан хуралдааныг орхилоо. Эндээс үзвэл ёс зүйтэй байх чин эрмэлзэл МАХН-д алга уу гэмээр. Төсөлтэй холбоотойгоор гишүүдээс зарчмын 12 санал гаргасан. Төслийг хэлэлцэж дуусдагийн даваан дээр МАХН-ынхан завсарлага хүслээ. Дэд хороонд олонх, цөөнхийн төлөөллийг адил тоотой оролцуулна гэсэн заалт нэмэхийг Лүндээжанцан дарга зөвшөөрөхөөс татгалзсан юм. Түүний байр суурийг дэд хорооны дарга Г.Баярсайхан, АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсэн ч тусыг олоогүй.

Олонх цөөнхийн төлөөлөл тэнцүү байна гэсэн заалтыг МАХН-ын гишүүд дэмжихээс татгалзсан тохиолдолд дүрмийн ч хэрэг байхгүй хэмээн Г.Баярсайхан бухимдав. Хэрвээ аль нэг нь олонх болсон тохиолдолд ёс зүйгүй гишүүнээ хамгаалж үлддэг жишиг тогтоно гэж тэрбээр үзэж байна. Тийм ч байх үндэслэл бий. Халдашгүй байдлын дэд хороо гэж УИХ-д том үүрэг, эрхтэй бүтэц байдаг ч олонх нь асуудалд холбогдсон өөрийн хүнээ авч үлдэх үйлдэл байнга хийсээр ирснийг энд сануулахад илүүдэхгүй биз ээ.

МАХН-ын бүлгийг завсарлага авахад Г.Баярсайхан "Лүндээ дарга аа, Та найман жил дүрэм ярилаа гэж өөрөө хэлдэг. Одоо Та дахиад найман жил хүлээлгэх нь үү" хэмээн ундууцав. Гишүүн хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаандаа баримталбал зохих хууль тогтоомж, ес зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үүрэгтэй дүрмийг ашгүй хэлэлцэж эхлэх нь үү гэтэл МАХН бойкотоллоо.Дүрэмтэй болсноор гишүүдийн ёс зүйтэй холбоотой мэдээллийн талаар иргэн, байгууллага, албан тушаалтан Ёс зүйн дэд хороонд өргөдөл, гомдол гаргах эрх үүсэх байв.

Ёс зүйн дэд хорооны дүрмийн зарим 3aaлтaac:

-Шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлж, нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны ирцийг улиралд олон нийтэд мэдээлнэ.
-Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гишүүний ёс зүйн асуудлаар сонгуулийн явцад гарсан гомдлыг СЕХ нягтална.

-Дэд хороо нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулна.

-Гишүүн хууль ТОГТООМЖ зөрчин бусдаас бэлэг, урамшуулал, шан харамж авсан, томилолт, аяллын зардлаа хэтрүүлсэн буюу бусдаар төлүүлсэн, тусгай эрх, хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон бол Дэд хороо тэдгээрийг буцаалгах буюу хуульд заасан журмын дагуу үнийг нь нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.

-Дэд хороо нь холбогдох ёс зүйн зөрчлийн шинж байдал, үр дагавар, хор уршиг, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан хариуцлага хүлээлгэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.