Ж.Сүхбаатар: Ирэх намар дахин нээлттэй сонсгол явуулна
-Энэ удаагийн "нээлттэй сонсгол" та бүхний санасан хэмжээнд үр дүнтэй болж чадав уу?
-Энэ үйл ажиллагаа Монгол улсын парламентэд шинэлэг зүйл болж байна. Долдугаар сарын нэгний хэрэг явдалтай холбогдуулж нэг удаа явагдаж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь болж байна. Нээлттэй сонсголын ач холбогдол парламентийн хяналтыг сайжруулдаг. Мөн сонсголоор мэдээлэл олж, асуудлыг тодруулдаг. Мэдээлэл олж авсны үндсэн дээр цааш нь албан ёсны бүтэц зохион байгуулалт хуралдаан, шийдвэр гаргах үйл ажиллагааг бодитой, үндэслэлтэй болгоход тусалдаг. Мөн хариуцлага, шаардлага, хяналтыг шахаж өгдөг. Энэ удаагийн нээлттэй сонсголоос харахад иргэд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болчихжээ. Харин цааш нь үнэн бодитой зөв байна уу гэдэгт хяналт хийх хэрэгтэй. Өнөөдрийн сонсголоор бидний тавьсон зорилго биелчихсэн гэж хэлж болохгүй. Сонсголын мөрөөр хийх ажил үлдлээ.
-Зөрчил гаргасан эрх бүхий албан тушаалтнуудад, сануулах, цалинг бууруулах гэсэн хариуцлагыг тооцжээ. Энэ тал дээр таны бодол?
-Энэ асуудал хувь хүмүүсээс хамаарч байна уу, хууль тогтоомжоос болж байна уу, аль эсвэл хоёр талаасаа хамаараад байна уу гэдэг нь энэ сонсголоос харагдаж байна. Миний бодлоор аль аль нь байх шиг байна. Үүнд шууд дүгнэлт хийх амархан. Гэсэн ч ул суурьтай хандах хэрэгтэй.
-Нээлттэй сонсголоос олон санал шүүмжлэл гарч байна. Яг ямар ямар асуудлыг нь авч хэлэлцэх вэ?
-Авлигатай тэмцэх газар авлигын хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-д мэдээлээд, Их хурал цааш нь мэдээллэх ёстой. Бид өнөөдрийн сонсголоос гарсан асуудлууд дээр дүгнэлт өгч цааш нь явуулна. Ер нь авлигын асуудал гээд бүдүүн тоймоор яриад байдаг. Харин ямар механизм, аль шатандаа байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Цаашид бид дахиад нээлттэй сонсгол явуулна. Ингэснээр авлигын эсрэг нэг том зураг бий болно. Үүнээс гарсан үр дүнгээр авлигын эсрэг бодлого аль түвшинд саарч, хаанаа идэвхжиж байна гэдгийг бага багаар тогтоох болно. Тэр болгонд бодлогын түвшинд арга хэмжээг парламентийн зүгээс авах ёстой. Тэгээд авсан бодлогынхоо хэрэгжилтийг хянаж байх хэрэгтэй.
-Авлигатай тэмцэх газрын шалгалтаар илэрсэн зөрчил ихтэй гэсэн албан тушаалтнуудыг өнөөдрийн сонсголд дуудсан. Гэтэл халагдах хэмжээний түвшинд зөрчил гаргасан албан тушаалтан алга. Тэгэхээр үнэхээр авлига авдаг хүн байхгүй гэсэн үг үү?
-Байгаа. Гэхдээ бид үүнийг тогтоож шалгадаг байгуулага биш шүү дээ. АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдээлсэн төрийн албан хаагчдыг шалгаж үзэхээр ингэж гарч байна. Ийм түвшний хүмүүс л хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн гэж гарч иржээ. Үүнээс илүү зөрчил гаргасан хүн байгаа юу гэвэл ард иргэд байгаа л гэнэ.
-Тэгээд яагаад тэр албан тушаалтнуудыг нь илрүүлэхгүй байгаа юм бэ?
-Үүнд авлигатай тэмцэх газар ажлаараа хариулт өгөх ёстой. Бид ч гэсэн ийм хариулт хүлээж байна. Авлигатай тэмцэх газарт зарим тохиолдолд хууль тогтоомж тээг шааг болдог нь энэ сонсголоор харагдаж байна. Парламентийн зүгээс хийж өгөхгүй байгаа тэр асуудлыг нь бид засч янзлахыг зорино. Тэгээд тэр саад тээг арилаад ирэхээр тухайн байгууллагын үйл ажиллагаа идэвхжих ёстой.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Мөн авлигын эсрэг хууль тогтоомж олон улсын конвенцид бүрэн нийцдэггүй. Энэ тал даар ажиллана. Монгол Улсын ерөнхийлөгч ч гэсэн энэ тал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэж сонссон. Ер нь цаашид авлигын эсрэг үйл ажилгаануудыг дэмжиж, өөрсдөө бас санаачлан ажиллах болно. Ирэх намар нээлттэй сонсголыг дахин явуулна.