Хөрөнгө орлогын мэдүүлгээр нээлттэй сонсгол хийнэ
2010.05.03

Хөрөнгө орлогын мэдүүлгээр нээлттэй сонсгол хийнэ

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбар байгууллагыг Монгол Улсын Их Хуралд байгуулж ажиллахаар нэгдсэнээ саяхан мэдэгдсэн. Тус салбар байгууллагаас анхны нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах болсноо зарлалаа.

Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын асуудал хэрхэн явагдаж байгаа тухай мэдээлэл авах зорилго бүхий Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголыг 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт Төрийн ордны А танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нээлттэй сонсголыг Авлигын эсрэг хуулийн 13, 14 дүгээр зүйл, 18.3 дахь хэсэг, 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зохион байгуулах бөгөөд энэ талаар Авлигатай тэмцэх газрын удирдлагатай урьдчилан зөвшилцсөн болно.Нээлттэй сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэд, байгууллагын төлөөлөл болон сонсголыг шууд дамжуулах хүсэлтэй телевиз УИХ-ын ХЗБХ-ны ажлын албаны 263526 утсаар 5 дугаар сарын 3-наас 10-ны өдрийг дуустал бүртгүүлэхийг урьж байгаагаа гишүүд мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.