Г.Баярсайхан: Сангийн сайдын аманд БОАЖЯ багтаж болохгүй
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ховор ан амьтан, ургамлыг гадаадад экспортлох асуудлын хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэхүү асуудал нь гишүүдийг багагүй маргалдуулсан ч эцэстээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм. Хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан гишүүдэд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Урт нэртэй хуультай уялдуулан энэ асуудлыг ярих ёстой. Байгаль орчноо хамгаалахгүйгээр ан амьтан, ургамал байна гэхэд хэцүү. Сав шимийн ертөнц нь шүү дээ" гэхэд Байнгын хороон дарга П.Алтангэрэл "Хэлэлцэж буй асуудалтайгаа холбогдуулж асуулт асуух ёстой шүү. Энд гадаадад ан амьтан экспортлох талаар ярьж байна" хэмээн сануулав. Түүний энэ үг гишүүдэд таалагдсангүй. Учир нь, бүгд байгаль орчноо хамгаалах асуудалтай холбоотой зүйл, та өөрөө юу ч мэдэхгүй байж хэмээн Байнгын хорооны дарга руугаа давшлав. Маргаан үүсэхээс сэргийлсэн П.Алтангэрэл гишүүн саналаа өгчих тэгээд хураалгах нь зүйтэй гэснээр намжлаа.
Харин Г.Батхүү гишүүн "Жилд 60 орчим аргаль, угалз агнадаг гэж бодъё. Ийм хэмжээгээр авласнаар сүргийн бүтцэд ямар өөрчлөлт орох, тоо толгой нь хэр цөөрөх, нөхөн үржих чадвар гэх мэт нь сонин байна" гэхэд дэд сайд тодорхой хариулт өгч чадсангүй. Гишүүн Ц.Цэнгэл "Гол мөр.ний урсац бүрэлдэх, ойн сан бүхий газарт Уг ашигт малтмал эрж, хайх, олборлохыг хориглох тухай хуулийн хэрэгжилт хэр байна вэ. Ер нь, хийж байгаа ажил байхгүй юм" шиг. Нөхөн төлбөр гэсэн асуудал яриад л хойш тавиад байгаа" хэмээн шүүмжиллээ. Дэд сайд Ч.Жаргалсайхан "Ажил хийгээгүй биш харин ч маш их анхааран ажиллаж байгаа. Есөн газрын үйл ажиллагааг хаасан ч эргүүлэн нээсэн.
Ер нь, дээгүүр, доогуураа ийм байхад яаж ч чадахгүй юм. Бидэнд эрх мэдэл дутаад байна" гэж хариу гомдол мэдүүллээ. Үүнээс гадна Г.Баярсайхан гишүүн нэлээн хатуу үг хэлээд амжив. Тэрээр "Сангийн яам бүх зүйлийг мөнгө болгон хардаг газар. Тус яам ийм санал ирүүлсэн гээд сууж байх нь буруу. Сангийн сайдын аманд БОАЖЯ багтаж болохгүй. Бодлого хариуцаж суугаа сайд хүний хувьд цээжээрээ хамгаалах ёстой асуудал. Байнгын хорооны даргаа та бас буруу яриад байна шүү. Гадаадад ан амьтан экспортлох квот гэж аль ч улсад байдаггүй юм. Харин агнах квот бол бий. Ер нь, ховор ан амьтнаа хил дамнуулан гаргаж байхаар хамгаалах нь зүйтэй. Улаан номд оруулсан ч болно" гэсэн санал гаргаж, Байнгын хороон даргаа баалаад амжлаа.