УИХ-ын “Ногоон” бүлгийхэн ордоны цэцэрлэгт мод тарив
“Ногоон” бүлгийн дөрөв тус бүр 100 мянган төгрөг илүүчилж мод тарив.
Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг төр, засаг өөрөө “цаазлах” зарлиг б
уулгажээ. Тэнд гадаадын мөнгөөр Парламентын ордон барихын тулд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны шарилыг хүртэл шөнө дөлөөр ухаж төнхөж байгаад өөр газар руу шилжүүлсэн. Тэгэхэд монголчууд үнэхээр жигшин зэвүүцэж билээ. Ийм царай муутай цэцэрлэгийг зайлуулсан нь дээр гэх сэтгэгдлийг хүн бүрт төрүүлэхийн тулд эзэнгүйдүүлж, арчлах ажиллагаанд зориулсан төсвийг нь УИХ-ын даалгавраар Засгийн газар хассан. Хэн нэгнийг тийш нэвтрүүлэхгүй нь тулд орох хаалгуудыг нь бүдүүн төмөр гинжээр “гавлаж” орхисныг нь Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагад шаардлага тавьсаны хүчинд нээлттэй болгож байжээ.
76-хан хүний тав тухыг хангахын тулд Самбуу гуайн цэцэрлэгтэй төр ийн дайн зарлаад нэжгээд он улирсан ч ордны сураг алга л байгаа юм. Одоогийн 76-гийн 25 нь Парламентын ордон цэцэрлэгт барихыг эсэргүүцэж, албан тоот хүргүүлж байв. Гэсэн ч УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Кувейтын хөрөнгөөр тэнд ордон барина гэж зүтгэсээр байгаа аж.Хүнээр бол ордны цэцэрлэгт хүрээлэн нүднээс гарчихаж. Сул шороо хийсэж, төрд дээрэлхүүлсэн модод царай алджээ. Уг цэцэрлэг рүү орох замыг өнөөдөр өглөө хааж орхисон байв. Тэнд мод тарихаар “Ногоон эвсэл”, Туул голыг хамгаалах “Тунгаа” төрийн бус байгууллагынхан, АХХ-ны байгууллагын гишүүд, гудамжаар явж байсан жирийн иргэд цэцэрлэг рүү орох гэхэд нь Төрийн ордны хамгаалалтын албаныхан нэвтрүүлээгүй байна. Мод тарих санаачилга гаргасан УИХ-ын “Ногоон” бүлгийн Г.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, С.Оюун, Д.Энхбат нар харин гишүүнийхээ дархан эрхээ эдэлж, хамгаалалтынхыг буулгаж авчээ. Мод тарих хүмүүст ус бүү өг гэж Г.Батхүү дарга үүрэгдсэн ч “Ногоон” бүлгийнхэн ус дамжуулах хоолой гаргуулж дөнгөсөн гэнэ.
Г.Баярсайхан,Ц.Мөнх-Оргил, С.Оюун, Д.Энхбат нар цалингаасаа тус бүр 100 мянган төгрөг гаргаж 30 ширхэг суулгац авснаа тэнд тарилаа. Ц.Мөнх-Оргил гишүүн хүүхэд байхдаа ордны цэцэрлэгээс үхрийн нүд, мойл зэрэг жимс түүж иддэг, тэгээд цагдаад туугдаад харьдаг байсан тухайгаа хуучлав. Тэрбээр үе үеийн УИХ-ын гишүүн бүр энэд мод тарьдаг байя. Тэгээд түүндээ нэрээ англиар бичдэг болчихвол сонин шүү дээ гэсэн санаа цухуйлгав. Анх энэ цэцэрлэгийг байгуулахад Монголын өнцөг булан бүрээс бутлаг ургамал авчирч манай төр, засгийн удирдагчид суулгаж байсан юм билээ. Тэр утгаараа энэ бол “Монгол цэцэрлэг”. Энэ уламжлалаа хадгалж үлдээе л дээ гэж Г.Баярсайхан санаачилга дэвшүүлэв. Актлагдсан эмнэлэг, нурж байгаа барилгын сууринд ордон баръя.
Парламентын ордон барихыг мод тарих үйлдлээрээ эсэргүүцсэн УИХ дахь “Ногоон” бүлгийн дөрвийн сэтгэгдлийг сонсов. Тэд жил бүр энд мод тарихаа амласан.
-Мод тарих сайхан үйл давхар санаа агуулж байгаа гэсэн. Парламентын ордон барихыг ийм аргаар эсэргүүцэж байна гэж үзэж болох уу?
Г.Баярсайхан:-Мод бол амьдралын бэлгэ тэмдэг. Дэлхийн агаар мандал модлог ургамалтай салшгүй холбоотой байдаг юм. Зарим улс агаар цэвэршүүлэх зорилгоор хиймэл мод хүртэл үйлдвэрлэж байна. Гэтэл манай төр, засаг байгальдаа маш харгис хандаж эхэллээ. Түүнийг сонгодог жишээ нь энэ цэцэрлэгийг үгүй хийх гэсэн явдал. Энэ бол маш сайхан түүхтэй цэцэрлэгт хүрээлэн. Тухайн үеийн төр, засгийн удирдагч, сэхээтнүүд эх орныхоо өнцөг булан бүрээс модлог ургамал авчирч суулгасан гэдэг. Энэ түүх, уламжлалыг хадгалахын тулд энэ цэцэрлэгийг “Монгол цэцэрлэг” гэж нэрлэх саналтай байна. Минийхээр ордон барихгүй байх таван шалтгаан байна. Ард түмэн ядуу байна. Эмнэлэг, сургууль хүрэлцээгүй байна. номын сан шинээр баръя л даа. Орох оронгүй иргэдээ яая гэж байж хүний мөнгөөр ордон барих гээд байгааг дэмждэггүй. Барихаар бол ашигт малтмалаас олох орлогоор өөрсдийн гэсэн төр, засгийн ордонтой болъё. Өөр газар бий шүү дээ. Төрийн тусгай албан хаагчдын актлагдсан эмнэлэг, энэ зүүн талд эзэн нь мэдэгдэхгүй, нурж унаж байгаа барилгын оронд барьж яагаад болохгүй гэж.
С.Оюун:-Энд ордон барина гэж хоёр жилийн өмнөөс ярьсан. Хагас жилийн дараа тэр шийдвэрийг эсэргүүцэж, 25 гишүүнийн гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын дараг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хүргүүлсэн. Парламентын одоогийн ордонд ажиллаж болохгүй нөхцөл үүсчихээгүй л дээ. Шинээр баръя ч гэсэн газар мундаагүй шүү дээ. бид байршлыг нь солиоч гэж хүссэн. Нийслэлчүүд бидний шаардлагыг дэмжиж байгаа гэдэгт найдаж байна. Түүхтэй энэ цэцэрлэгийг авч үлдэхийн тулд өөрсдийн сонгосон гишүүн болон УИХ, Засгийн газарт шаардлага, захидал хүргүүлээрэй гэж уриалмаар байна.
Д.Энхбат:-Дараа жил бид дөрвөөс олон гишүүн мод тарих байх аа. Парламентын шинэ ордонг заавал энд барих шаардлагагүй. Одоогийн ордны баруун, зүүн талд өчнөөн газар байна. хувийн компанийуд газраа олоод, олно сайхан барилга барьж байхад Монголын төр ганц ордон барьж чадахгүй байна гэж үгүй. Монголын төрийн эрх барих дээд байгууллага газар олдохгүй нь ээ гээд ганц цэцэрлэгээ устгавал дурын иргэн хажуугийнхаа модыг устгах болно. Энэ бол манай төрийн түшээдийн ёс суртахууны асуудал юм. “Ногоон” бүлгийн бид дөрвийн хувьд ёс суртахуунгүй үйлдэл үзүүлмээргүй байна. Япочнууд гоё цэцэрлэг хийдэг дээ. Монголчууд яагаад болохгүй гэж. Тэр тусмаа УИХ-ын гишүүд. Бидний хувьд “Монгол цэцэрлэг” байгуулахыг хүссэн юм. Энэ бол бидний үүрэг.
-Энд ордон барихыг эсэргүүцэж байсан нөгөө 21 чинь яасан бэ. Та нартай хамт энд мод тарих байх гэж бодсон юм.
-Ажил төрөл нь болоогүй биз дээ. Би, та ч бас итгэлтэй байгаа байх. Дараагийн ээлжинд манайхан бүгдээрээ гарч ирээд мод тарина гэдэгт найдаж байна. Манай бүлгийнхэн намар болтол мод тарина. Тэгэхдээ мэргэжлийн хүнийг татан оролцуулахаар бид ярилцаж байгаа.
Ц.Мөнх-Оргил:-Хотоо ногоожуулахын тулд энэ цэцэрлэгээ авч үлдмээр байна. шинээр ордон барьсаны дараа цэцэрлэгийг гоё тохижуулах юм байна л даа. 14 давхар ордны дээр ногоон байгууламж барих төсөл байна лээ. Тэнд хэн зугаалж, салхилах юм. Сонин биз дээ. Ордон барихыг би эсэргүүцээгүй. Газар нь биш л гэсэн юм. Энэ цэцэрлэгийг л авч үлдмээр байна.