8.2 тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын бохирдол 28 хувиар нэмэгджээ
Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахтай холбоотойгоор 2007 онд УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг Д.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсэг шалгажээ. Тэд жил гаруй ажилласны эцэст гаргасан санал, дүгнэлтээ өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч байлцаж, байр сууриа илэрхийллээ. Агаарын бохирдолтой тэмцэхэд 2007 оноос хойш улсын төсвөөс жил бүр 50 тэрбум төгрөг зарцуулах ёстой ч хэрэгжээгүй, сүүлийн гурван жилд нийт 8.2 тэрбум төгрөг л зарцуулсан байна. Гэвч энэ мөнгөөр агаарын бохирдлыг 28 хувиар нэмэгдүүлжээ. Уг асуудлыг хариуцсан байгууллагууд нь хоорондоо уялдаагүй, хариуцлагагүй байсан нь ийм үр дүн гарахад нөлөөлсөн гэж Ажлын хэсэг үзжээ. Бас нийслэлд жилд 20 мянга орчим хүн шилжин ирж, тэдний дөрөвний гурав нь “хор үйлдвэрлэгчдийн” эгнээнд шилжиж буйтай холбоотой аж.
Агаарын бохирдлоос болоод амьсгалын замын өвчин ихэсчээ. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд агаарт цацагдаж буй хорт бодисын хэмжээг яаралтай багасгах ёстой гэж Ажлын хэсэг үзэж байна. Тиймээс УИХ-ын тогтоолд тусгаснаар жил бүр 50 тэрбум төгрөгийн төсөв гаргах, уг асуудлыг Ерөнхий сайд хариуцан ажиллах нь зөв гэсэн санал гаргажээ. Бохирдлын 50 хувь нь гэр хорооллын 160 гаруй мянган өрхийн түлдэг нүүрснээс үүдэлтэй учир түлшинд нь анхаарах хэрэгтэй юм байна. Тиймээс хагас коксжсон нүүрсний үйлдвэр барья гэвэл 17 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна. Үүний таван тэрбум төгрөгийг энэ онд, үлдсэнийг нь ирэх жилүүдэд төсөвт суулган зохицуулах гэнэ.