2012.02.07
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэе гэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын төслийг хэлэлцсэн юм. Хэдийгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэж хараахан амжихгүй аваас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж болох тухай дурдсан.
Гэхдээ энэ тал дээр зарим гишүүн тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг хэлж байлаа. Түүнчлэн гишүүн Э.Мөнх-Очир Галт зэвсгийн тухай хуулийн төсөл Байнгын хороон дээр удаж байгаа гээд малчдад хэрэгцээтэй ангийн бууны сумны худалдаа хэт төвлөрсөн, үнэ нь өндөр байгааг шүүмжилсэн.
“Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох асуудлыг хаврын чуулганы эхэнд, дөрөвдүгээр сарын эхээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.
Нөхөн томилуулахаар нэр дэвшүүлэн оруулж ирсэн хүмүүст улс төрд “ойрхон” хүмүүс нэлээд байгаа нь олон нийтийн радио, телевизийн зарчимд нийцэхгүй гэж зарим гишүүд үзсэн байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, АН болон МАН-ын бүлгүүдээс санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Харин Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Газрын тухай багц хуулийн төсөл зэргийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхийг гишүүд дэмжсэн юм. Дараа нь Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт оруулахыг гишүүд дэмжлээ.
open-parliament.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.