Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь зөв үү?
2012.02.28

Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь зөв үү?

УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах талаар Ардын нам болон Ардчилсан намын гишүүд санал зөрөлдөж буй. Тиймээс зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ардын намынхны арга барил улс төрд гай болж байна


-Хийхгүй гэсэн хүнд бол шалтаг мундахгүй гэдэг. Одоо сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхгүй, тоол­логыг автомат машинаар тоолно гэж байгаа ийм үед ямар бэрхшээл байна вэ. Харин сонгогчид санал өгөхдөө юуг, яаж тэмдэглэх вэ гэдгийг зааж, ойлгуулах шаардлагатай юм. Энэ бүгдийг хийчихвэл хоёр сонгуулийг хамтад нь явуулахад асуудалгүй. УИХ-ын сонгуулийг орон нутгийн хурлын сон­гуультай хамтад нь явуулбал зардал хэмнэнэ, иргэдийн идэвх өндөр байна. Хавар, намаржин улс­төрждөг хийрхэл багасгах олон давуу талтай. Сонгуулийг ингэж явуулъя гэж зүтгэвэл бүтэхгүй зүйл байхгүй. Харин бүтэхгүй гэж үзээд байгаагаараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан дэвшилттэй заалтуудыг Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд яавал ашиглахгүй байх вэ гэдэг арга саамыг хайгаад байгаа хэрэг. Орон нутгийн эрх мэдлийг алдахгүй байх нь хоёр сонгуулийг хамтад нь явуулахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн зорилго байгаа юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хариуцлагын тогтолцоо, тоол­логын системийг автоматжуулах зэ­рэг зарчмыг оруулах ёстой. Үүнийг хуульд тусгая гэхээр Ардын намын­хан “Тэгвэл хоёр сонгуулийг хамтад нь явуулъя гэдгээ авчихъя” гэж наймаа хийх гээд байгаа юм. Захын наймаачин шиг тэдний энэ арга барил Монголын улс төрд гай болж байна.


УИХ-
ын гишүүн З.Энхболд: Хүсвэл хамтад нь явуулж болно


-Хоёр сонгуулийг хамтад нь явуулж болно гэж үзээд байгаа юм биш. Угаасаа хамтад нь явуулна гээд хуульчилчихсан. Хоёр сонгуулийг хамтад нь явуулахад саад болох хэдэн заалт бий. Гэхдээ үүнийг засаад явбал болохгүй гэх зүйл огт байхгүй. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр явуулах нь тодорхой. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Учир нь хуулийг өөрчлүүлэхгүй байх эрх бидэнд байгаа. Ардын намынхан хүсвэл хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулж чадна. Хүсэхгүй бол чадахгүй.

УИХ-ын гишүүн Р.Раш: Тусад нь явуулахад болохгүй зүйлгүй


-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд Ардын нам, Ардчилсан намынхан эсрэг байр суурьтай байна. Харин миний хувьд УИХ-ын сонгуулийг явуулах гэж маргалддаг хэрнээ хоёр сонгуулийг хамтад нь явуулна гэдэг юу бол. Тиймээс орон нутгийн хурлын сонгуулийг хуучин шиг тусад нь явуулахад болохгүй гэж бодож байна. Ардчилсан намынхны хувьд хоёр сонгуулийг хамтад нь явуулах саналтай байгаа.

УИХ-ын гишүүн Р.Буд: Зохион байгуулалтын хувьд жигдрүүлэх шаардлагатай асуудал бий


-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах ёстой. Гэвч сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулна, саналыг автомат машинаар тоолохоор болсон зэргийг бодохоор хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй байгаа юм. УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолчихоод орон нутгийн хурлын сонгуулийн саналыг гараар тоололтой биш. Зохион байгуулалтын хувьд жигдрүүлэх шаардлагатай асуудал байгаа. Тиймээс л УИХ дахь Ардын намын бүлгээс УИХ, орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Нийтлэлч
Ц.Энхцэцэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.