МоАХ-ны 4-р Их хурлаас гаргасан уриалга
2012.02.20

МоАХ-ны 4-р Их хурлаас гаргасан уриалга

-УРИАЛГА-

Монголчууд аа!  Өвөг дээдсийн суу заль,  халуун амь, бүлээн цусаа урсган байж өвлүүлэн үлдээсэн төр улс, үндэсний тусгаар тогтнол, 1989-1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар бидний тэмцэн байж олсон эрх чөлөө, шударга ёс, ардчилал маань алдагдаж,  ард иргэдэд худал амлан байж төрд сонгогдон мэдээлэлд, эрх мэдэлд ойр очсон байдлаа ашиглан язартлаа баяжсан төрөөс төрсөн тэрбумтнууд гадаадын асар их мөнгөөр дамжин орж ирж буй сонирхол, бодлогын тоглоом, гар хөл болон хувирч байна.


Өнөөдөр улс төр, эдийн засагт зарчим, үзэл баримтлал, шударга өрсөлдөөн алга болж нам дамнасан бүлэгүүдийн тохиролцоо, тэдний мөнгөний шуналаар төрийн бодлого тодорхойлогдож байна. Эх орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдарлыг дээшлүүлэх аливаа санал санаачлага бүхэн эсэргүүцэлтэй тулгарч, ямар ч үнээр хамаагүй баяжих дон шүгэлсэн авилгачид, луйварчид, пост-коммунистууд улс орны эрх мэдлийг атгаж гадна дотны олигархиудын заавраар утсан хүүхэлдэй мэт хөдөлж байна.

Шинэ нийгмийг хуучин хүчнээр удирдуулж, өөрчилж,  хөгжүүлж болдоггүйг Монголын нийгэмд нүүрлээд байгаа дампуурал, ядуурал, гуйланчлал, ажилгүйдэл, архидалт, авилга хээл хахуулийн өсөлт, хөгжлийн мухардалт харуулж байна.

Учир иймд МоАХ эх орондоо эрх зүйт төртэй, шударга ёсыг хэм хэмжээгээ болгосон хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгмийг жинхэнэ ёсоор цогцлоох ариун тэмцэлд дахин босч нэгдэн нягтрахыг Монголын ард түмэндээ уриалж байна.

Монгол хүн улсынхаа жинхэнэ эзэн нь байж, баялгаа хэнээс ч асуухгүйгээр олборлон, эзэмшиж, хуваарилаж үр шимийг нь бодитойгоор хүртдэг байх тэр сайхан боломжийг хуульчилан, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг амьдралын наад захын хэм хэмжээ болгон, Ардчилсан Үндсэн хуулийн заалт бүрийг гуйвалтгүй даган мөрдөж Монгол орныхоо тусгаар тогтнол, үсрэнгүй хөгжил дэвшил, сайн сайхан тайван амьдралын төлөө тэмцэцгээе! Өнгөн дээрээ ард түмний талд мэт шударга царайлсан цаагуураа амин хувь, явцуу бүлгийнхээ төлөө үхэн зүтгэдэг цөөн хэдэн луйварчдыг сонгуулийн замаар төрөөс зайлуулцгаая.

Монголчууд аа! Та бүхнийг “Сонгуулийн хувьсгал”-д  уриалж байна.

 

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ IV ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.