2012.02.07

Х.Баттулга гишүүн хуулийн төсөлдөө санал авахаар засгийн газарт хандлаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу Архи тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилж боловсруулсан. Уг хуулийн төсөлд санал авахаар өчигдөр Засгийн газарт хүргүүллээ. Энэхүү хуулийн төслийг хамтран өргөн барих хүсэлтийг тэрээр УИХ-ын 75 гишүүнд илгээсэн билээ. Түүний энэ саналд зарим гишүүн хариултаа
ирүүлжээ. Ингээд эл хуулийн төслийг дэмжихээ мэдэгдсэн 10 гишүүний хамтаар өргөн барьж, санал авахаар болсон байна.

Түүний хүсэлтийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан,Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ц.Сэдванчиг, О.Чулуунбат, З.Энхболд, С.Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин УИХ-ын бусад гишүүн хөдөө орон нутаг болон гадаадад томилолттой яваа бөгөөд тодорхойгүй шалтгаанаар хариу ирүүлээгүй байгаа аж. Мөн зарим гишүүн уг төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнө нь өргөн барьж байсан боловч Байнгын" хороодын хуралдаанд орж дөрвөн ч удаа дэмжигдээгүй юм. Тиймээс ирэх сонгуулиар хэрэгжих боломжгүй болсон ч дараагийн сонгуулиас өмнө үүнийг мөрдөх боломж бий гэж хууль санаачлагч үзжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3-т заасан дагуу тэрээр хуулийн төслөө боловсруулж, өргөн бариад байгаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.