Санал тоолох машин 3200 ам.долларын үнэтэй
2012.02.06

Санал тоолох машин 3200 ам.долларын үнэтэй

Сонгууль болоход дөрвөн сар үлдэж нам эвсэл, нэр дэвшигчид, СЕХ дор бүрнээ л бужигнаж эхэллээ.

“Хатуу самар” шиг Сонгуулийн хуулин дор автомажуулсан системд сонгуулиа даатгаж манай улс түүхэндээ анх удаа шударгаар сонгуулиа явуулах гэж байна хэмээн дээр дооргүй л ярьцгааж байгаа.

СЕХ-ноос сонгууль хүртэл хийхээр 80 гаруй арга хэмжээг төлөвлөж хуваарийн дагуу хийж байгаа гэдгээ мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 15-ны дотор багтаж тухайн аймаг, сум, дүүргийн ИТХ-аас сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах юм байна. Гадаадад байгаа иргэдээс санал авах асуудалтай холбогдуулан судалгаа хийж, журмын төсөл боловсруулж эхэлсэн аж. СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Санал тоолох автомат машины эхний ээлж хоёрдугаар сарын эхээр ирнэ гэж байсан. Ирсэн үү?

-Програм зохиоход ашиглах эхний ээлжийн санал тоолох таван машиныг авчирсан байгаа. Санал тоолох дүн гаргах програмчлалыг  хийх гэж байгаа. Тодорхой хуваарийн дагуу хоёрдугаар сарын 15-наас хойш дараа, дараагийн ээлжийн машинуудыг авчирна. Санал авах хуудас ямар байх вэ, түүнд ямар мэдээллүүдийг багтаах вэ гээд олон асуудал байгаа.

-Нэг машины үнэ хэдэн ам.доллар вэ?

-3200 ам.долларын үнэтэй.

-Сонгуулийн шинэ хуулийн улс төрд байгаа эрхмүүдэд таатай, шинээр нэр дэвшигчдэд халтай хэмээн гомдол байгаа. Нэр дэвшигчдийг хурал цуглаан хийх, спор, урлагийн арга хэмжээ зохион байгуулах гээд нэлээд олон зүйлийг хориглосон заалтууд бий. Энэ талаар санал гомдол ирж байна уу. Ер нь, хэн, яаж хяналт тавих юм бэ?

-Нэгдүгээр сарын 1-нээс хориглосон олон үйлдэл байгаа. Сонгуульд нэр дэвших субъект, нам, эвсэл, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн гээд хяналт тавих эрхтэй. Тэрнээс биш хэн нэгэнд хариуцуулаад тэр болгоныг дагаж яваад хянах боломж байхгүй. Харин СЕХ үүнтэй холбоотой санал гомдлыг хүлээн авна. Тэгээд холбогдох байгууллагуудаар шалгуулж тухайн нэр дэвшигч хориглсон заалтуудыг зөрчсөн нь нотлогдвол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана.

-Сонгуулийн хэсэг, хороон дахь хяналтыг хэн хариуцах вэ?

-Сонгуулийн шат, шатны хороод хэсэгт ажиллаж байгаа гишүүн бүр хяналт тавина. Хамгийн гол сонгогч хүн өөрөө өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлах юм бол асуудал гарахгүй. Хэн нэгэнд саналаа худалдахгүй байх, нэг л удаа саналаа өгөх гээд тодорхой зүйлүүдийг зөрчихгүй л байх хэрэгтэй.

-Гадаадад байгаа иргэд хэрхэн санал өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авбал?

-Юуны өмнө манай улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад амьдарч, ажиллаж байгаа иргэд санал өгөх боломжтой. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Дээрх хоёр шаардлагыг хангасан сонгогч сонгуульд оролцох хүсэлтээ өөрийн биеэр очиж хүсэлтээ гаргаж бүртгүүлэх юм. Гадаадад байгаа иргэд нэр дэвшигчийн төлөө бус улс төрийн нам, эвсэлд санал өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.