2012.04.06

Байгаль орчны багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Рашааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай, Ан агнуурын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Амьтны аймгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны тухай /Шинэчилсэн найруулга/, Рашааны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай /Шинэчилсэн найруулга/, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ойн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/, Агаарын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хог хаягдлын тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.Байгаль орчны багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгож буй юм байна.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжийн 18.хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган эдгээр хуулийг системчлэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийн төслийг боловсруулсан байна.


Эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх, “бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх”, “нутгийн иргэд нь байгалиа хамгаалах”, “байгалийн нөөц, баялагийн үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэрийг бий болгох”, “нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зэрэг үзэл баримтлалыг эдгээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар боловсруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, зохих үүргээ биелүүлээгүй албан тушаалтантай тооцох хариуцлагын тогтолцоог бий болгожээ.Байгаль орчинд учруулсан хохирлыг аливаа субъект нөхөн төлдөг байх, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагч ногдуулдаг байхаар зохицуулалт хийсэн байна.Байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг хөдөөгийн ард иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглах чадвар, тогтолцоог бий болгох зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчин, түүний нөөц баялгийг хариуцан хамгаалж, давуу эрхтэйгээр эзэмшиж, ашиглаж болох зэрэг зарчмын ач холбогдолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж тусгажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгаль орчны стратеги үнэлгээний ерөнхий шаардлага, стратеги үнэлгээг гүйцэтгэх, тайланг боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг шинээр томъёолж оруулсан байна.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хянах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хариуцлага тооцох механизмыг чангатгах заалтуудыг тусгажээ.

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгажээ.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулиудаар байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тус тусад нь зохицуулж байгаа бөгөөд байгалийн баялаг ашиглах асуудлаар нэгэн ижил зохицуулалттай эдгээр хуулиудыг нэгтгэж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Экологийн тэнцвэрт байдлыг хангах, ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна.Манай оронд ХХ зууны хоёр дугаар хагасаас эхлэн газар тариалан, уул уурхай, зам тээвэр, хот тосгоны зориулалтаар газрыг эрчимтэй ашиглаж эхэлснээс хөрсөнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж хөрсний бүтэц алдагдах, үржил шим нь буурах, бэлчээрийн талхагдал үүсэх, цөлжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэж байна.Иймд хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, элэгдэл, эвдрэл, бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ авах, хүн амын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад хариуцлагын тогтолцоог бий болгох зорилгоор Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ хууль батлагдсанаар хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжоор баталгаажуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлах, хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаагаа хянах, олж тогтоох, багасгах, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэх нь.Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, усны бохирдлоо хянах дотоодын хяналттай байх, бохир усны хяналтыг бие даан явуулах, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээх, харилцан мэдээлэл солилцох зохицуулалтыг тусгажээ.Ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг хаягдал усны стандартыг үндэслэн Засгийн газар тогтоох, мөн зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр заасан байна.Ойн тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн Ойн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.Хамгаалалтын, ашиглалтын бүсийн ой болон улсын тусгай хэрэгцээний ой, түүний дэглэмийг тодорхой болгож ойн анги, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, ойг хамгаалах арга хэмжээ, түүнд оролцох төрийн бус байгууллагын оролцоо, ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ойд хориглох үйл ажиллагаа, ойг нөхөн сэргээх, үржүүлэх, мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг шинэчлэн томъёолжээ.Эдгээр хуулиудыг гишүүд хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.