Ц.Нямдоржийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэнгүй
2012.04.24

Ц.Нямдоржийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэнгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байлаа. Түүнийг огцруулах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын болон Ардын намын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн ч чухам ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлээгүй юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүнээс энэ талаар тодруулахад "Ц.Нямдорж сайдын асуудлыг зарчмын үүднээс хэлэлцсэн. Нэгэнт хууль сахиулах, биелүүлэх ажлаа хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Түүнчлэн Ардчилсан намын бүлгийнхэн "Энэ асуудлын талаар Хууль зүйн байнгын хороо хуралдсаны дараа мэдээлэл өгнө" гэсэн байр суурь илэрхийлж байв. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Р.Гончигдоржтой сэм уулзсан. Ингээд Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр өөрт нь нааштай шийдвэр гаргахад нөлөөлөхийг хүссэн" гэсэн утгатай мэдээлэл гарсан юм.

Гэхдээ намын бүлгийнх нь гишүүдийн хэлж байгаагаар Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нар бүлгийн хуралдаан дээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахгүй байя" гэсэн хандлага гаргаж, намынхандаа нөлөөлөхийг оролдоогүй гэнэ. Хэрвээ ийм хандлага гаргасан бол хардлага төрөх байсныг ч гишүүд үгүйсгээгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн дунд "Ц.Нямдорж сайд амь тавих гээд хүн бүртэй уулзаж байж мэднэ. Сайдын суудлаасаа буухгүй гэж зүтгээд бахардчихсан, шаддаа буучихсан явж байна гэнэ лээ" гэх хүн ч байсан юм.

Мөн "Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт гэрийнхэнтэйгээ ууланд гарсан. Ням гарагт нь амралтын газарт, хотоос зайдуу байсан учраас Ц.Нямдорж сайдтай уулзсан байх ёсгүй" гэсэн мэдээлэл ч байна.

Төрийн ордонд үйл явдал ийн өрнөх үеэр "Ц.Нямдорж сайд Төв аймгийн хорих ангид очиж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан" гэсэн яриа гарсан юм. Эрхэм сайд өчигдөр 14-15 цагийн хооронд Н.Энхбаяртай уулзсан гэх. Ингээд 15 цагийн орчимд хорих ангийн үүднээс цагдаагийн 10 гаруй машин хотыг зорин хөдөлжээ. Энэ талаар МАХН-ынхнаас тодруулахад "Тийм зүйл огт болоогүй байна" хэмээсэн.

Тодруулбал, "Бид холбогдох хүмүүсээс энэ талаар тодруулсан. Энэ мэдээлэл ор үндэсгүй, ташаа. Ардын намын удирдлагууд Ц.Нямдоржийг унагах асуудлаар хуралдаж байгаа. Харин Ц.Нямдорж сайд ийм үед ард түмний дунд навсайтлаа унаад байгаа нэр хүндээ сэргээхийн тулд "Н.Энхбаярыг эргэж очсон" гэсэн бор шувуу нисгэлээ" гэв.

Гэхдээ өчигдөр 15 цагийн орчимд Төв аймгийн цагдан хорих төвийн үүднээс цагдаагийн машинууд хөдөлсөн гэдэг нь үнэн ажээ. Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр 15:30 цагийн орчимд хуралдаж эхэлсэн. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байсан юм. Тус намын Удирдах зөвлөлийн хурал 18 цаг өнгөрөөгөөд тарсан.

Үүний дараа УИХ дахь Ардын намын бүлгийнхэн хуралдаж эхэлсэн юм. Яг энэ үеэр Ц.Нямдорж сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очиртой холбогдоход "Ардын намын удирдах зөвлөлийн хурлаар Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцээгүй. Харин УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах талаар ярилцсан. Бүлгийн хуралдаанаар ч энэ талаар хэлэлцэнэ" гэв. Ардын намын бусад гишүүд ч ам нээсэнгүй.

УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин ч "Бүлгийн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний дараа мэдээлэл хийх эсэхээ шийднэ" гэж хариуллаа. Ерөнхийдөө Ардын намынхын ам нээхгүй байх үүрэг авсан бололтой. Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг ч өнөөдөр хийхээр болов.
Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.