2010.05.21

Г.Баярсайхан:Ж.Сүхбаатар гомдол гаргах бодолгүй байгаагаа хэлсэн

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм саяхан батлагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ёс зүйн дэд хороо дүрэмтэй болсноор ямар ахиц гарч байна вэ?

-Ёс зүйн дэд хорооны дүрэм батлагдсан нь маш их ач холбогдолтой. Ингэснээр УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх бололцоотой болж байна. УИХ-ын гишүүд энэ дүрмийг баталъя гэсэн эрмэлзлэлээрээ баталлаа. Ёс зүйн дүрмийг баталснаар УИХ нэг шат төлөвшиж байгаа нь тодорхой юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд ч нийгэмд эрүүл харагдана.

-Хуралдааны үеэр парламент дахь намуудаас тав таван гишүүн үг хэлж байх төслийг зарим гишүүд оруулсан. Та үүнийг яагаад дэмжсэнгүй вэ?

-Тийм ээ. УИХ-аар асуудал хэлэлцэх үед нам бүрээс тав таван гишүүн л үг хэлж байя гэсэн төсөл орж ирсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Би хувь гишүүнийхээ хувьд гишүүдийн үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж байна гэж үзэж байгаа. Нэгэнт л ард түмний төлөөлөл болсноос хойш УИХ-д ямар ч тохиолдолд гишүүн байр сууриа илэрхийлж байх ёстой гэж бодож байгаа.

-Ёс зүйн дэд хороо таныг дарга болсноор хэдэн удаа хуралдсан бэ?

-Бид дүрэмгүй байсан болохоор хуралдаагүй. Одоо харин дүрэмтэй болж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

-Энэ хугацаанд гишүүдийн ёс зүйг хөндсөн асуудал танай хороонд орж ирсэн үү?

-Гишүүдийн ёс зүйг сахиулах тал дээр одоо бид тууштай ажиллана гэж бодож байгаа. Ёс зүйн алдаа гаргасан гишүүдийг хурлаараа авч хэлэлцэнэ.

-Тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд болсон асуудлыг хэлэлцэхүү?

-Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хувьд Ж.Сүхбаатар гишүүнтэй биечлэн уулзсан. Ж.Сүхбаатар гишүүн энэ асуудал дээр ямар нэг гомдол гаргах бодолгүй байгаагаа хэлсэн. Тиймээс гишүүн Ж.Сүхбаатар өргөдөл гаргаагүй учир үүнийг манай хороо хэлэлцэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.