Ж.Сүхбаатараас бусад нь дэмжив
Хууль зүйн байнгын хороо өчигдөр 13 цагт хуралдаж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжавыг Монгол Улсын ерөнхий прокуророор томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан Д.Дорлигжавын төрж өссөн газар нутаг, сурч боловсорсон байдал, ажлын туршлага гээд түүний талаар танилцуулсны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдээс асуулт асуух хүн байна уу гэхэд Ж.Сүхбаатар гарцаараа гараа өргөсөн юм.
Ж.Сүхбаатар: -М.Алтанхуяг ямар шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтээ гаргасанюм бэ. Улс төрийн алба хашиж байгаа хүнийг Ерөнхий прокуророор томилох гээд байгаагийн учир юунд байна, хуулийн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай өөр хүнийг санал болгож болдоггүй юм уу, Д.Дорлигжав нь хэдэн жил хуульчаар ажилласан юм бэ?
-П.Цагаан:-М.Алтанхуяг хуулийн дагуу чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Д.Дорлигжав төр засгийн байгууллагад олон жил ажиллаж байгаа туршлагатай, хуульч хүн. Монгол Улсын Ерөнхий прокурор болох хүн арав гаруй жил хуулийн чиглэлээр ажилласан байх ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байгаа хүмүүсийг хуулийн чиглэлээр ажилласанд тооцно гэсэн тогтоол байдаг. Мөн хуулийн сургуульд багшлахыг ч тооцдог юм билээ. Тиймээс хуулийн чиглэлээр арав гаруй жил ажилла сан байна гэсэн шалгуурыг хангаж байгаа гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Д.Дорлигжаваас "Та Билиг их сургуульд цагийн багш хийдэг юм уу, таныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна, танд ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз" хэмээн лавласан юм.
Д.Дорлигжав "Билиг их сургууль 2000 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би энэ сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, заримдаа хичээл заадаг. Надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад хуулийн байгууллагаас шалгаж буруугүйг тогтоосон. Би тухайн үед үнэ тарифыг өөрчилж, өр ширийн асуудлыг цэгцэлж 10 гаруй сая ам.долларын өр төлбөрөөс чөлөөлж байсан. Түүнээс өөр зүйлээр намайг шалгаж байсан зүйл байхгүй гэж эргэлзээг нь тайлав.
Тус хуралд оролцсон нийт 13 гишүүнээс 12 гишүүн нь Ерөнхийлөгчийн Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшүүлэх талаар зөвшилцөх саналыг хэлэлцэхийг дэмжсэн юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус байнгын хорооны хуралдаанд сууж цаг алдалгүй шийдэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны гишүү-цийн дэмжлэг авсан тул үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганаар асуудлыг оруулж хэлэлцэхээр болсон юм.