Ж.Сүхбаатар: Мэргэжлийн салбарт ажиллаж буй шударга хүн олдсонгүй юү
2010.05.17

Ж.Сүхбаатар: Мэргэжлийн салбарт ажиллаж буй шударга хүн олдсонгүй юү

Улсын дээд шүүх Д.Дорлигжавт "зориулан" тайлбар гаргасан байжээ. 2006 онд гаргасан гэх уг тайлбар ерөнхий прокурорын албанд тэнцэхгүй унаж мэдэх байсан түүнийг "хайцаалж" тус болов. Ерөнхий прокурорт Д.Дорлигжавыг санал болгосноо зөвшилцөхөөр Ерөнхийлөгч УИХ-д хандсан. Түүнийг нь УИХ өчигдөр шийдлээ. Чуулганаар хэлэлцэхийн өмнө Хууль зүйн байнгын хороогоор ярьж, санал дүгнэлтээ гаргасан юм. Байнгын хороон дээр Ж.Сүхбаатараас өөр асуулт тавих гишүүн байсангүй.

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч улс төрийн албан тушаалтныг шилжүүлэн томилж байна. Улс төрийн шалгуурыг тодорхой хэмжээгээр баримталж буй нь тодорхой. Уг нь эл албанд улс төрийн биш мэргэжлийн шалгуур тавих ёстой. УИХ-ын бүтцийн байгууллага болох Бүлгээр нухацтай ярих хэрэгтэй байсан. Гэвч УИХ-ын дарга асуудлыг гэнэт оруулж ирлээ. Нэр дэвшигчийн танилцуулгад "Билэг" сургуульд багш байсан гэжээ. Прокурорын байгууллагын тухай хуульд "Ерөнхий прокурорт уг байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан хүнийг томилно" гэсэн байгаа. Энэ шалгуурыг хангасан уу, цагийн багш байсан юм уу, орон тооных уу. Мөн Таныг эрүүгийн хэрэгт холбогдож байсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Та прокурорын байгууллагатай эрх зүйн хувьд ямар байдлаар холбогдож байсан бэ. Сонирхлын зөрчил үүсэж байв уу?Өмнөх ерөнхий прокурор М.Алтанхуяг ямар шалтгаанаар ажлаа өгсөн юм бэ. Ерөнхийлөгч удаа дараа шахаж шаардсан учир өгөв үү. Ерөнхийлөгч хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийг хөндөж байгааг дэмжинэ. Гэхдээ хуулийн байгууллага дотроос мэргэжлийн салбартаа ажиллаж буй, шударга ажилтан та бүхэнд олдоогүй юм уу? Улс төрийн албан тушаалтныг энэ албанд томилсноор зарим асуудлыг шийдэх байх. Гэвч тодорхой хугацааны дараа уг салбар улстөржсөн байгууллага болж хувирна.

П.Цагаан /Ерөнхийлөгчийн зөвлөх: М.Алтанхуяг хуулийн дагуу, хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Д.Дорлигжав өмнө нь төр, засгийн байгууллагад ажиллаж байсан. Мөн хууль зүйн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил ажилласан нь намтраас харагдана. Хуульчийн мэргэжлээр ажилласанд тооцох тухай Дээд шүүхийн 2006 онд гаргасан тайлбарт Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүний харьяа хэлтэс, тасаг, хууль зүйн сургуульд багшилсныг тооцно гэсэн байгаа. Тиймээс шалгуур хангасан. Уг албанд томилогдвол намаасаа түдгэлзэнэ. Мэргэжлийн болон улс төрийн ажлыг ялгах чадвартайгаа харуулсан хүн гэж үзэж байгаа.

Д.Дорлигжав: "Билэг" дээд сургуулийг 2000 онд байгуулагдсанаас хойш ТУЗ-ийн гишүүн, цагийн багшаар ажиллаж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал байх үед өрийг нь хүчингүй болгож, тарифыг хөнгөлөн 10-аад сая долларын төлбөрөөс чөлөөлсөн. Үүний хариуд гэрээ хийж зуучилсан хүмүүст өгсөн төлбөрийг гэмт хэргийн шинжтэй байж магад гээд хуулийн байгууллага шалгасан тохиолдол бий. Тэд "асуудалгүй" гэдгийг тогтоосон. Үүнээс өөрөөр хуулийн байгууллагатай холбогдох ашиг сонирхлын зөрчил байхгүй.

Ж.Сүхбаатар: Та АН-ын дарга байсан хун. Тиймээс ажиллахад улс төрийн энэ үзэл баримтлал нь саад болох вий гэж санаа зовж байна. Хуулийн салбарын олон хүн ингэж бодож байгаа. Уг нь шилж, сонгож хуулийн салбарын хүнийг оруулж ирсэн бол зөв байсан, тиймээс би дэмжихгүй.Байнгын хорооны 13 гишүүнээс 12 нь дэмжсэний дараа чуулган хуралдсан.

Э.Бат-Үүл, Ц.Шинэбаяр нар захиасаа хэлэв. Харин Ш.Сайхансамбуу 'Та 20 жил АН-аар явсан, дарга нь ч байсан. Энэ үзэл баримтлалаасаа татгалзаж чадах уу" гэж асуулаа. Д.Дорлигжав "Намын дарга байсан минь намын биш төрийн төлөө" гэлээ. Тиймээс асуудалгүй гэнэ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувийн саналаар түүнийг дэмжлээ. Хуулийн дагуу ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцсөний дагуу Ерөнхийлөгч томилдог. УИХ-аас дэмжлэг авсан учир тэрбээр уг албанд саадгүй томилогдох болж буй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.