АН-ын бүлэг чуулганаас завсарлага авлаа
УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанаас тус намын бүлэг завсарлага авч байгаагаа хэлж, зарим үндэслэл дурдлаа.
Түүний хэлснээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан авч, нэмэлт, өөрчлөлтөөр дахин өргөн барихтай холбогдуулж АН-ын бүлэг завсарлага авч байгаа аж. Түүнчлэн Ө.Энхтүвшин нарын санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зарим багц хуулиудын төслийг хамтад нь хэлэлцээд явах нь асуудлыг цогцоор шийдэх боломж бүрдүүлнэ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь үзэж, санал нэгдсэн хэмээн мэдэгдэж, хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболдод хандан завсарлага хүслээ.
АН-ын бүлэг хурал дээрээ ярилцахдаа, УИХ-ын гишүүн Засгийн газрын яам, агентлаг руу албан бичиг явуулсан тохиолдолд хариу ирэхгүй байх, эсвэл хариуг удаах нь олонтаа тохиолддог. Иймд Засгийн газраас УИХ-ын гишүүдийн асуултад, албан бичигт тодорхой хугацааны дараа хариулт өгдөг байх, хариу ирүүлээгүй бол хариуцлага тооцдог механизмыг хуулинд тусгах нь зүйтэй гэж үзсэн аж.
Түүнчлэн Байнгын хороодын хуралдааны дэгийг өөрчлөн, чухал асуудлыг хаалттай хэлэлцдэг болгох нь зүйтэй хэмээсэн аж. Учир нь УИХ-ын гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг танхимд буюу Байнгын хорооны хуралдаанд байгаа тохиолдолд “популизм” хийж, зарим үед асуудлыг шийдэх ажил хэрэгч уур амьсгалыг эвддэг байдлыг үгүй болговол ямар вэ гэж үзсэн тухайгаа АН-ын бүлгийн ахлагч хэллээ.
Мөн УИХ-ын гишүүдийн санаачилж, өргөн барьсан хуулийн төслийг удаах, хэлэлцэхгүй орхих явдал байдаг тул заавал хэлэлцүүлдэг болгох, гишүүд чуулганы хуралдаан дээр бие биенийгээ орлон кнопыг нь дардагаа болих зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулах саналууд байгаа тул энэ бүгдийг цэгцлэн бүлгээрээ хэлэлцэхээр чуулганы хуралдаанаас завсарлага хүсч байгаа гэдгийг тус намын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тайлбарлалаа.
Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд, ийм байж болмооргүй байна. Тав дахь удаагаа асуудал хойшлогдлоо. Нэгэнт л бүлэг дээрээ хэлэлцсэн бол Ө.Энхтүвшин нарын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг яриад дараа нь тэрхүү нэмэлтээ ярьж болохгүй юу гэж байв.
Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, өргөн мэдүүлсэн хуулийн төслийнх нь талаар бид гурван ч удаа уулзаж, ярилцсан. Ө.Энхтүвшин нарын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн уг нь ойлголцсон. Гэтэл одоо завсарлага авч байгааг ойлгохгүй байна гэлээ.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд УИХ-ын Тамгын газраас АН-ын бүлэг завсарлага авч байгаа талаар тайлбар өгөхийг хүсэхэд, УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар завсарлага хүсч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлсэн.
Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүд үүнийг эсэргүүцэж, улс орон даяар зуд нүүрлэж, өвөлжилтийн байдал хүндрээд үүний хажуугаар Амаржих газарт нярайн эндэгдэл гарсан зэрэг шийдвэрлэх ёстой олон чухал асуудал байсаар байхад ард түмний төлөөлөл болно гэж УИХ-д сонгогдчихоод завсарлагаар далайлгаж болохгүй, зүйд үл нийцнэ гэж байсан.
УИХ-ын гишүүн Х.Жекей өөрсдийнхөө ая талыг харж, АН-ын бүлэг завсарлага авч байна. Би горимын санал гаргая. Хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлээч хэмээн хүсье гэлээ. Мөн тэрээр одоо ард түмэн их бухимдалтай байна. Ялангуяа хөдөө, орон нутагт байдал хэцүү байгааг бүгд мэдэж байгаа. Ард, нийтийн амьдрал ахуй хүнд буй энэ үед өөрсдийн эрх ашгийн төлөө төрийг шантаажлах маягаар завсарлага авмааргүй байна гэж хэлсэн.
УИХ-ын Тамгын газраас дахин тайлбар хүсэхэд “хэлэлцэх ёстой асуудлаас нэгэнт завсарлага аваад гарсан бол үргэлжлүүлэх боломжгүй” гэдгийг хэлж байв.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Мөнгө төгрөг, эд хөрөнгө ярих болохоор Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирээд суучихдаг байж, ард түмний асуудлыг хэлэлцэх болохоор гараад явчихдаг. Нярайн эндэгдэл, өвөлжилт гээд ярих ёстой, маш олон чухал асуудал байна. Солонгост парламентын хурлаа хаяад гарахаар бусад гишүүд нь хүлээгээд суудаг юм билээ. Түүн шиг хэдэн цаг ч хамаагүй хүлээгээд сууя. Завсарлага авдаг нь сайдын асуудалтай л холбоотой. Ингээд байдаг учраас л УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм ” гэж хэлж байв.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд хуулийн дагуу АН-ын бүлэгт завсарлага өгөхөөс өөр аргагүй гэдгийг гишүүдэд хэлж, үдээс өмнөх чуулган завсарлахаар болсныг мэдэгдэн, алхаа цохьсон юм.
Түүний хэлснээр чуулган үдээс хойш ажлаа үргэлжлүүлж, 15 цагаас Засгийн газрын мэдээллийг сонсоно.