Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороог байгуулах тогтоолыг батлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө хуралдаж УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ.
УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим төсөвт зардлын хэмжээ, тэдгээрийг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнахтай холбогдсон журмыг УИХ-ын 2008 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлан мөрдөж байгаа бөгөөд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийн төсвийн багцад Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, холбогдох гадаад томилолтын зардлыг тусгасантай холбогдуулан дээрх тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.
Дээрх зардлуудтай холбоотой зардлуудыг тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр УИХ-ын гишүүний төсөвт зардалд хуваарилан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зарцуулж байх, УИХ-ын гишүүний суудлын автомашины зардлын хэмнэлтийг өөрчлөн тооцох, наын бүлгийн ахлагч нарын унааны болон үүрэн телефон утасны зардлын хэмжээг өөрчлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, сонгогдсон тойрогт нь ажиллах бие төлөөлөгч-туслахын зардлыг хамтатган гишүүний өөрийн төсөвт зардлын бүрэлдэхүүнд оруулахаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.
Ингээд УИХ-ын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүд 90,7 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны дараагийн асуудал Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслийг гишүүдийн 87,3 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал гишүүдийн дунд нэлээн маргаан дагуулж өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын хүн амын суурьшил ихсэхийн хэрээр авто замын хөдөлгөөний түгжрэл бөглөрөл байнга үүсэж, авто зам ачааллаа даахаа байж замын эвдрэл ихээр үүсч байгаагаас үүдэн хотын оршин суугчдад уур, бухимдал, дуу чимээ, агаарын болон орчины бохирдол, түлш шатахууны хэт их зарцуулалт, тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг эрүүл мэндийн болон эдийн засгийн хор, хохирол байнга гарч байгаа юм. Иймд цаашид Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн шинэчилж, тойрог замууд болон гүүрэн гарцыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг гишүүдийн олонхи дэмжиж байлаа.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэхэд баримталж байгаа гол бодлого нь хотын төвийн хэсгийн замын ачааллыг багасгах асуудал. Иймд Улаанбаатар хотын замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу дунд тойрог замыг бий болгох нь хотын төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний бөглөрөл, түгжрэлийг арилгах гол арга хэмжээ болох бөгөөд энэ тойрог зам нь төмөр замтай огтлолцож байгаа 2 цэг болон Энгельсийн гүүрэн гарц, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзварын гүүрэн гарцуудыг барих асуудлыг шийдвэрлэх нь ихээхэн ач холбогдолтой болох аж. Гүүрэн гарцийг 2009-2011 оны хугацаанд нийт 20.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 86.0 хувь үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засаг, Төсвийн байнгын хороодод шилжүүлэв.
Үүний дараа Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.