Төв аймгаас сонгогдсон гишүүд тойрогтойгоо онлайн ярилцлага хийлээ.
Ярилцлагыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үг хэлсэн бөгөөд тэрбээр энэ онлайн ярилцлага нь УИХ-ын Стратеги төлөвлөгөөний хүрээнд Улсын Их Хурлаар хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгох, Улсын Их Хурлын гишүүд иргэд сонгогчидтойгоо онлайнаар шууд холбогдон сонирхсон асуултдаа хариулт авах боломж бүрдүүлэх зорилгоор хийгдэж байгаа ажил гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Аймгийн Засаг дарга Ц.Энхбат орон нутгийн цаг үеийн байдал, 2009 онд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ. Тус аймаг нь 2009 оныг “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласны дагуу шинээр 2007 ажлын байр бий болгож, 164 жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл шалгаруулан хэрэгжүүлж, 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн мал сүргээ таван төрлөөр нь 13 хувиар өсгөж, 3,5 сая малтай болсон бөгөөд дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт 22 хувиар өсөх урьдчилсан тоо гарснаас гадна 63,7 тн үр тариа хураан авсан амжилтаар шинэ оноо угтжээ. байна. Саяхан хуралдсан ИТХурлаараа 2010 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлажээ.
Аймгийн зарим сумдад тухайлбал, Сэргэлэн, Баянцагаан зэрэг суманд өвөлжилт хүндэрч, 23-42 см зузаантай цас тогтож, одоогийн байдлаар 650 гаруй толгой мал хорогдоод байгаа гэнэ. Хөрш зэргэлдээ аймгийн 600 өрх, 355,5 мянган мал тус аймагт өвөлжиж байгаа ажээ. Зуншлага сайн байснаас зарим малчид тайвширч, өвс тэжээл бэлдэхдээ хойрго хандсан тухай аймгийн дарга ярьж байлаа. Аймгийн хэмжээнд 78,3 тн хадлан бэлдсэн бөгөөд Баян, Бүрэн сум дахь өвс тэжээлийн фондын нөөц багасаж байгаа юм байна.
Аймгийн Засаг дарга Ц.Энхбат тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо байнга ажиллаж, аймгийн удирдлага, иргэдтэйгээ тогтмол холбоотой байдаг тул зарчмын зөрүүтэй санал гардаггүй, гар нийлэн хамтран ажиллаж байгаагаа ярилцлагын үеэр онцлон тэмдэглэж байлаа.
Онлайн ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн Д.Дондог Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн талаар, Су.Батболд гишүүн аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын тухай, Н.Энхболд гишүүн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцсэн болон хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын тухай, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын талаар, гишүүн М.Энхболд цаг үеийн байдал, өвөлжилт хүндэрсэн сумдад авах арга хэмжээ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өгч, санал бодлоо илэрхийлэв.
Онлайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хөтлөн явуулж, Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцсон бөгөөд Төв аймгаас тус аймгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, сонин, телевиз, гэрэл зургийн сурвалжлагчид сурвалжиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.