2010.04.13

Өлсгөлөн зарлагчид УИХ-тай тохиролцож чадсангүй

УИХ-ыг тараах эсэхийг бүх нийтийн санал асуулга явуулах замаар шийдэх шаардлагыг УИХ-д өгсөн өлсгөлөн зарлагчид Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. УИХ-ын төлөөлөл болох гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Алтангэрэл, Д.Дондог нар өчигдөр тэднийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Өлсгөлөн зарлагчид энэ удаагийн уулзалтад хэвлэл мэдээллийнхнийг оруулахыг хүссэнгүй.

Тэд мэдээллээс хол уулзалт хийсэн нь өөрсдийнх нь эсрэг мэдээлэл түгээж байна гэж хардаж байгаатай холбоотой бололтой. УИХ-ын гишүүд тэдэнд эхний ээлжид эрүүл мэндээ бодож, өлсгөлөн зарлахаа зогсоогоод, дараа нь хуулийн хүрээнд ямар ч асуудал тавьж болно гэдгийг илэрхийлсэн байна. Гэвч өлсгөлөн зарлагчид «Бид өмнөх шаардлагуудаасаа буцсан.

Одоо зөвхөн санал асуулга явуулах шаардлага тавьж байна. Санал асуулга явуулах нь УИХ-ын онцгой эрхийн асуудал. УИХ-ын нэг гишүүн ч үүнийг санаачлаад явуулж болно. Бидний цаана хүсэлт гаргаж байгаа хүмүүс олон байгаа учраас өлсгөлөнг тийм амар зогсоохгүй. Санал асуулга явуулах шийдвэрээ УИХ гаргах шаардлагатай» гээд өмнөх байр суурин дээрээ үлдсэн байна.

УИХ ч дээрх   байр   сууриа хамгаалжээ.

УИХ-ын гишүүд «Үүнийг заавал санал асуулга гэхгүйгээр хоёр талаас сууж байгаад болохгүй юмаа засъя. Өөд өөдөөсөө харж суугаад Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол оруулъя. Тэрбумтай холбоотой, 1.5 саятай холбоотой болохгүй зүйл байвал хоёр талаасаа яриад зөв шийдэлд хүрье» гэдэг байр сууриа илэрхийлжээ.

Ингээд хоёр тал ойлголцолд хүрэхийг хүссэн боловч аль аль нь өөрсдийн байр суурийг хадгалж, эргэж харж болох асуудлыг тус тусдаа авч хэлэлцээд, дахин уулзахаар тохирсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.