Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайн уулзалт хийлээ
Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдынхоо онлайнаар уулзаж, сонгогч иргэдийн санал хүсэлтийг сонсч, орон нутгийн удирдлага, иргэдтэй харилцан ярилцлаа.
Аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар товч мэдээлэл хийснээр ярилцлага үргэлжилсэн. Тус аймагт 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор, малын тоо толгой 4.7 хувиар өсч 361 мянган мал тоологджээ. Хэдийгээр зуншлага сайхан байсан ч бэлчээр багатай, хадлангийн гарц, сөл муу байснаас шалтгаалан хадлан тэжээл зохих хэмжээнд хүртэл бэлтгэж чадаагүй мөн нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтож хүйтний эрч өмнөх онуудаас эрс нэмэгдсэн тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм байна. Өвөлжилттэй холбоотойгоор тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, ЕБС-иуд малчдад туслах арга хэмжээ зохион байгуулан сан байгуулсанаа хэлээд УИХ-ын гишүүдэд ч хөрөнгө мөнгөний болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаад баярлаж буйгаа илэрхийлж байв.
Онлайн ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн Л.Гансүх цаг үеийн байдлын талаар тодорхой мэдээлэлтэй байгаагаа хэлээд тулгамдаад буй асуудлын талаар тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа аймгийн онцлогоос шалтгаалан малчдаас гадна аймгийн төвийн суурин амьдралтай ажилгүй иргэдэд ч хүнд байдал үүсч байгааг тойрогтоо ажиллаж байхад ажигласнаа хэлж, хандив тусламжаар ирж байгаа зүйлсийг иргэдэд тараахдаа зохих хяналт тавьж ажиллахыг орон нутгийн удирдлагад сануулж байлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 19 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдийг сонгогчидтой нь уулзуулах Он-лайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хөтлөн явуулж, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын хэлтэс, албадын ажилтнууд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах ажилтнууд, газар, хэлтсийн дарга нар, ИТХ-ын дарга, орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэд, малчдын төлөөлөл оролцлоо