Ж.Сүхбаатар: Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид нь зайгаа тавьж өгөх цаг болжээ
2010.04.08

Ж.Сүхбаатар: Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид нь зайгаа тавьж өгөх цаг болжээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-”УИХ тарах ёстой” гэдэг Амлалт нэхэх ард түмний холбооны шаардлага гишүүдэд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Таны хувьд ч “Хууль зүйн үндэслэл байхгүй” гэдэг тайлбар хэлж байсан. Энэ нь эргээд гишүүд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгана гэдэгтээ их итгэлтэй байна гэж болох уу?

-Тэд УИХ амлалтаа биелүүлж, чадахгүй байна, УИХ хууль бусаар байгуулагдсан, цоо шинэ төрийн тогтолцоонд шилжих хэрэгтэй, үүний тулд парламент тарах ёстой гэсэн асуудал тавьж байгаа. Эндээс ларламент ямар нөхцөлд тарах вэ, ямар нөхцөлд тараах вэ гэдгийг Үндсэн хуульд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрсөн тохиолдолд” гэж заасан байдаг. Мөн Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг УИХ тодорхой хугацаанд томилж чадаагүй.бол тарааж болно гэсэн заалт байгаа. Үндсэн хуулийн эрх зүйн онол номоор ингэж л тайлбарлана. Ер нь бол дэлхийд парламент өөрөө тарсан түүх тэр бүр байдаггүй.

-Тэдний тавьж байгаа гол шаардлага нь парламент хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг асуудал?

-Бид энэ үед Үндсэн хуулиа л барьж ярих ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн баталгаа нь парламент гэдгийг тодорхойлсон. Өнөөдөр жагсч, цуглаж байна. Нэгэнт парламентад дээр дурдсан баталгаа нь байгаа учраас УИХ тогтвортой ажиллах ёстой. Өмнө нь УИХ-ыг тараах шаардлагыг иргэд тавьдаг л байсан. Өнөөдрийн шаардлага бол тэр бүхнээс арай өөр байна.

-Юу нь өөр гэж. Тарах ёстой гэдэг нэг гол утга л байгаа шүү дээ?

-Сонгууль хууль бусаар явагдаж, УИХ хууль бусаар бүрэлдсэн гээд байгаа биз дээ. Мөн УИХ олон түмний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй байна гээд байсан. Гэтэл нэг айлын амьдралынхаа турш босгосон байшинд ялаа орлоо гэж бодоход. “За ялаа ороод ирсэн юм чинь байшингаа нураая” гэсэнтэй адилаар асуудлыг шийдэх юм уу. Үүнд л гол асуудал нь байгаа юм. УИХ-ын бүрэлдэхүүн таалагдахгүй байна. Олигархиуд засгийн эрхэнд гарлаа гэсэн. Тэгвэл сонгууль шударга болсон гээ биз дээ. Иймэрхүү эргэлзээтэй асуудал олон байна.

-Мөн чанар нь байшингаа нураах гээд байгаа хэрэг үү. Иргэдийн энэ шаардлага тодорхой хэмжээнд тавих ёстой асуудал гэдгийг бүгд биш гэхэд олонх нь хүлээн зөвшөөрч байгаа?

-Энэ бол зүгээр жишээ. Иргэдэд дургүйцэл байна уу гэвэл байгаа. УИХ-д асуудал байна уу гэвэл байна. Шийдвэр, бүрэлдэхүүн, явуулж байгаа үйл ажиллагаа гээд аль алинд нь бий. Энэ гишүүдийг ганц газраас нэг саналаар сонгож оруулсан биш. Тиймээс УИХ-ыг тараана гэж шаардах боломж байхгүй. Сүүлийн хоёр сонгууль их өрсөлдөөнтэй болсон. Эндээс өөрийнх нь дэмжсэн хүн гарч чадаагүй, өөрөө нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүс их гомдолтой байх шиг байна. Тэдний гомдол нийгмийн бухимдалтай нийлснээр эсэргүүцэл илэрч байгаа. Энэ бол зөвхөн Монголд бус олон улсад тохиолддог үзэгдэл. Гэхдээ өнөөдөр УИХ болон Засгийн газарт нийт иргэд эргэлзэж байна гэж үзвэл энэ нь хэтрүүлэг болно

-Яагаад хэтрүүлэг гэж ерөнхийдөө талтай биш байгаа юм биш үү?

-Сүхбаатарын талбайд 100, 200 бүр 5000 хүн цугларсан ч тэд ард түмнийг төлөөлөх үү гэдэг асуудал бий. Тэд ард түмний нэг хэсэг болохоос бүгдийг нь төлөөлөхгүй. Аливаа нийгэмд ямар ч олонхтой санал нэгддэггүй цөөнх гэхэд таван хувьтай байдаг гэсэн судалгаа бий. Дээр нь, ямар ч хүн сонгуульд нэр дэвшсэн зуун хувийн санал авдаггүй. Парламентад олонхийн санал авсан хүн л орж ирдэг. Би хувьдаа энэ шаардлагуудыг цэвэр улс төрийн үйл ажиллагаа гэж бодож байгаа. Дараагийн сонгуулиар парламентад орох зорилго байх шиг байна. Хэрэв Үндсэн хуулийн бус арга хэрэглэвэл энэ нь тусдаа асуудал. Наад зах нь, засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах талаар сонин хэвлэлд сурталчилж эхэлбэл энэ нь хууль бус үйлдэл болно.

-Та цэвэр улс төр гэж хэллээ. Мөн дараагийн парламентын бүрэлдэхүүний тухай санаа гарч байна. УИХ-д сонгогдох нь тийм ашигтай гэж үү?

-Тэнд оролцож байгаа хүмүүсийн цөөхөн хэсэг нь л улстөржих, улс төрд оролцох сонирхолтой байгаа байх. Яг шууд тэдний үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй. Өөрт олгогдсон эрх, эрх чөлөөнийхөө төлөө үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс. Эрх нь тэдэнд байгаа. УИХ-ын гишүүн болон надад яагаад хүмүүс дургүйцэж болохгүй гэж. Тэдний дэргэд намайг хүндлэх хүн ч байгаа. Харин УИХ ашигтай юу, ашиггүй юу гэдэг нь их сонирхолтой асуудал болоод байгаа юм.

-Юу нь сонирхолтой гэж?

-Зөвхөн энэ хүмүүс биш. Монгол Улсын өнцөг булан бүрт идэвхтэй ажиллаж, амьдарч байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар УИХ-тай зууралдах сонирхолтой байна. Шалтгаан нь өнөөдөр Монгол Улсын бүх асуудлыг шийдэж байгаа явдал. Тэгсэн хэрнээ бас бүх асуудлыг шийдэж чаддаггүй. Зарим хүний хувьд аюулгүй байдлын баталгаа. Нөгөө хэсгийнх нь хувьд магадгүй баялгаа нэмэгдүүлэх арга, асуудал шийддэг том эрх мэдэл, зэрэг зиндааны илэрхийлэл, өөрийгөө үнэлж дүгнэж байгаа үнэлэмж болчихсон.

-УИХ-ын үндсэн үүрэг алдагдсан гэсэн үг үү?

-Үнэндээ хууль тоггоох байгууллага гэж ойлгогдохоос илүү төрийн эрх барих хамгийн супер байгууллага гэж үзэж байна. Энд хамгийн супер хүчин чадалтай хүмүүс орж ирж супер эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн буруу ойлголт бий болсон. Өнгөрсөн парламентын түүх нь өөрөө ийм сонирхлыг бий болгочихсон юм.

-Тэгвэл таны хувьд УИХ-ын гишүүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Парламентын гишүүн хүн үндэсний хэмжээний асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр тойрогтоо нэр хүндтэй хэрнээ хурлын үйл ажиллагаанд ордоггүй хүн байна. Үүнээс үүдээд сонгогчид зарим гишүүнииг Манай тэр тойрогтоо юм хийдэг хүн” гэж магтдаг. Хэрэв УИХ-ын гишүүн тойрогтоо юм хийгээд байвал Монгол Улс хөгжихгүй. Тэр хүн багийн даргыг, сумын Засаг даргыг ажилгүй болгоно. Гишүүдийн хил хязгааргүй оролцож байгаа тэр бүх асуудал нь өөрөө шат шатны удирдлагын ажлыг хийлгэхгүй байна. Хамгийн сайн УИХ, хамгийн сайн УИХ-ын гишүүн гэдэг бол хийх ажлаа тодорхойлоод, өнөөдрийн хийгээд, чадаад байгаа энэ бүх зүйлээсээ татгалзахыг хэлнэ. Бид хүрээндээ л ажиллах хэрэгтэй. Тойрогтоо л бэлтгэлээ хангаад, дараа сонгогдох гээд байсан. Тэднийг шүүмжилсэн шүүмжлэл нь УИХ-руу чиглэж байна.

-Зарим үед УИХ-ын гишүүд сангийн нярав шиг санагдах нь бий. Гэтэл үүнээс татгалзах зүрхтэй хүн байхгүй шүү дээ?

-УИХ-ын гишүүн сонгогчидтойгоо их уулзснаар сайн болчихдоггүй. УИХ бол хууль тогтоох байгууллага. Энд сонгогдсон хүн хууль тогтоогч байх ёстой. Тэр ажилдаа л сэтгэл зүрхээ зориулах ёстой. Гэтэл энэ үүргээ хоёрдугаарт тавьснаар эхний хэсэгт ажил хэрэгч хүн гэдгээр олон нийтэд таалагдаж байсан. Тэр 5000 хүнд таалагдсан ажлаа 500 мянган хүнд сурталчлаад байхаар хүмүүс бүгд тийм тусгай хангамж нэхдэг болж байна. Энэ чинь төсөөлөл, бодит боломж хоёрын дунд зөрүү байдаг гэдгийг ойлгох болсныг сануулж байгаа юм.

-Эндээс УИХ-д үнэндээ хуулиа ойлгодог хүн хэр олон байна гэдэг асуулт гараад ирэх шиг боллоо?

-Хууль ойлгодог, ойлгодоггүй гэж ярих юм бол буруу л даа. Бүгд хуульч байх шаардлагагүй. Мэдээж хүссэн хүсээгүй хууль тодорхой хэмжээтэй гадарладаг хүн байх хэрэгтэй. Чөлөөт сонгуулийн аль ч хэлбэр ерөөсөө арилжааны шинжтэй болсон. Энэ нь аяндаа эрэлт, шаардлагыг бий болгодог. Үүнийг зөвхөн Монголын жишээ гэж бодож болохгүй. Явж явж хэлэх ёстой нэг асуудал байгаа юм. Тэр нь энэ парламентад банктай, телевизтэй, сонинтой, санхүүгийн байгууллагатай хүмүүс байна. Ийм хүн бусад улсын парламентад цөөн байдаг. Харин манай нийгэм ийм ядуу хэрнээ ард түмнийг төлөөлдөг УИХ-ын гишүүн нь группын эзэд, хэвлэлийн эзэн гээд бүх юмны эзэн байгаад байдаг. Монголын нийгэмд хамгийн топ гэгддэг тэр хүрээнээс нэг биш, хоёр биш…тав биш бүр олноороо УИХ-д орж, Засгийн газарт хүртэл сайд хийгээд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байна гэдэг чинь эргэлзээ бий болгож байгаа юм. УИХ-д итгэх аргагүй болгоод байна.

-Энд олон хүнийг нэрлэж болно. Өөрийн тань бодлоор тэд олноороо бус цөөхөн байх хэрэгтэй гэсэн үг үү?

-Олон нийтийн дургүйцэл УИХ-д биш, УИХ дотор байгаа манай нөхдүүд рүү хандаад байна шүү дээ. Хүмүүст УИХ яагаад муухай харагдаад байна гэхээр гишүүд өөрөө бизнесийн төсөл хөөцөлддөг, өөрийнхөө бизнестэй холбоотой шийдвэрийг гаргадаг. Засгийн газрын 12 сайд нь УИХ-ын гишүүн байна. УИХ, Засгийн газар чинь хамгийн том бизнес хийдэг газар болж хувирсан байна. Оюутолгой, Тавантолгойд хардлага дагуулаад байгаа нь тэнд явагдах бизнест энэ хүмүүсийн эрх ашиг орж ирнэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол гэмт хэрэг.

-Таны яриагаар бол УИХ нь УИХ биш болсон гэдэг санаа гараад байна?

-Үнэн, УИХ нь УИХ гэж харагдахаа больсон. Яагаад УИХ-ыг орвонгоор нь алга болгох санаа илэрхийлээд байна гэдгийг бодож үзэх ёстой. Э.Бат-Үүл гишүүн гэхэд олигархиудаас салахын тулд хувьсгал хийх хэрэгтэй гээд байна шүү дээ. Үүний нөгөө санаа нь олигархиудаас салахын тулд УИХ-ыг тараах нь зөв гэж байна. Эндээс УИХ гишүүн ямар байх вэ гэдэг шинэ стандартыг бий болгох хэрэгтэй болж. Шинэ хандлага, ойлголт бий болгох цаг иржээ. Тэр хүн мөнгө тарааж сонгуульд оролцсоныхоо төлөө манлайлдаг байх ёсгүй. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн үг байдаг даа.

-Би биеэ, гэрээ зассан. Одоо төрөө засна гэдэгтээ итгэлтэй байна гэх гишүүн нэг бус байдаг?

-Тийм юм бол яагаад улс төр, эдийн засагт нөлөөлдөг энэ салбарт оролцоод байгаа юм бэ. Гэр нь засагдсан байна. Одоо юуг эвлүүлж, бүтээх гээд байгаа юм. Төрийн эрх мэдлийн хүчээр бизнесээ өргөжүүлэх гэсэн хүн олон байна. Дэлхийн дахинд мөнгөтэй хөрөнгөтэй ч биш, мөнгөгүй хөрөнгөгүй ч биш нийгмийн дундаж давхаргын төлөөлөгчид парламентад олонхийг бүрдүүлэх ёстой гэсэн үзэл санаа бий. Түүнээс бус парламентад мөнгөтэй, төгрөгтэй хүн олноор ороод, хамтраад, сонгуулийн тойргоо наймаалцдаг байж болохгүй. Улстөрчид өөрчлөгдөж, шинэчлэгдэх цаг бас болж. Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болж.

-Олигархи гэж шүүмжлүүлээд байгаа хүмүүс зайгаа тавьж өглөө гэхэд Монголд гарах үр дүн нь юу байх вэ?

-Үр дүнг нь хэлж байна шүү дээ. Парламент дэндүү идэвхтэй мөртлөө дүн нь олигтой гарахгүй байна. УИХ хууль тогтоох үүрэгтэй. Цаашлаад Засгийн газартаа зааг ялгааг нь тогтоож өг. Одоогийн байгаа нөхцөлд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байх нь сөрөг нөлөө үзүүлнэ. Дээр нь, УИХ энэ олон томилгоо руу шууд оролцох нь хэрэг дээрээ ашиг сонирхлын газар болгоод байгаа юм. Зарим нь улс төрд ороод зогсохгүй хууль хяналтын салбарт өөрийнхөө хүмүүсийг байршуулж, өөрийгөө хамгаалуулах оролдлого хийж байна. Ухамсартай, ухамсаргүй энэ ажиллагаа нь төрийг иргэдээс нь хөндийрүүлдэг.

-Тэгэхээр бизнесийн төлөөлөл УИХ-д хэрэггүй гэж үзэж болох уу?

-Хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байгаа. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээнд л захирагдах ёстой. Хамгийн гол зүйл нь хөрөнгөтэй, хөрөнгөгүйдээ биш УИХ-ын гишүүний дүр төрх, стандарт гэдгийг л дор бүрнээ ойлгох ёстой.
-УИХ-д бизнес эрхлэгчид байх ёстой гэдгийг нам нь шийддэг. Намын эрх ашиг нь мөнгөтэй, хөрөнгөтэй хүнээс санхүүжилт авах, тэднийг дэмжих замаар үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулахыг чухалчилж байна уу гэж харагддаг?

-Улс төрийн нам өөрчлөгдөх ёстой. Нам яагаад өөрчлөгдөх ёстой юм гэхээр одоогийн зохион байгуулалт нь тодорхой, мэргэжил чадваргүй, ёс суртахуунгүй ийм этгээдүүдийг албан тушаалд хүргэж байна. МАХН ч үүнийг шинэчлэх талаар ажиллаж байгаа. Улс төрийн нам дотоод ардчиллаа шинэчлэх хэрэгтэй.

-Тухайлбал, танай намын “Манай дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн дүрмийг өөрчлөх шаардлага байна уу?

-Манай намд 1992-1996 оны хооронд дарга гэдэг албан тушаал байгаагүй. Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэр үед Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ерөнхий сайд байгаагүй. Намын дарга нь “Ерөнхий сайд байх ёстой юу гэдгийн тухайд миний бодлоор С.Батболд гэдэг хүн Ерөнхий сайд болсон. Одоо намын дарга болох ёстой” гэсэн ойлголт байхгүй. Ерөнхий сайд болохын тулд намын дарга болох ёстой. Өмнө нь Ерөнхий сайдууд хүсэлтээрээ чөлөөлөгдөж байгаагүй. С.Баяр дарга эрүүл мэндээсээ болон ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь тодорхой хугацаанд завсарлага хэрэгтэй байна гэж л үзсэн болов уу гэж бодож байгаа. Өнөөдөр С.Баяр дарга намын даргаараа байгаа. Тэгээд Ерөнхий сайдынхаа үүргийг кабинетынхаа гишүүнд өгөөд явлаа гэж бодсон. Цаад утгаараа эрүүл мэндийн байдал нь тодорхой хугацаанд сайжирбал дахин Ерөнхий сайд болох боломж нь бий. Нөгөө талаас намын дарга байгаа хүн маань цаашдаа чөлөөлөгдөх шийдвэр гаргах эсэх нь өөрөөс нь хамаарна. Тэр тохиолдолд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг нь дараагийн асуудал. Түүнээс бус “Би Ерөнхий сайд учраас намын дарга байх ёстой” гэж үзвэл боломжгүй. Намын дарга байгаад Ерөнхий сайд болдог жишиг бий. Намын дарга олон түмнээс итгэл аваад, намаа сонгуульд ялуулсан учраас бодлогоо цаашаа хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд болж болдог.

-С.Баяр дарга ирснээр Засгийн газрын өмнө тулгараад байсан олон асуудал шийдэгдлээ гэх хүмүүс байна. Намын даргад ийм хүч бий юу?

-Ер нь энэ бүх асуудлыг өмнө нь тодорхойлоод С.Баяр сайд үлдээгээд явсан. Үүнийг нь Засгийн газар үргэлжлүүлж шийдсэн. Бүлгийн хурал дээр өөрөө “Сайн ажиллаж ээ. Бодож санаж явсан зүйлийг хийжээ” гэж хэлж байсан.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай намын удирдлага миний эсрэг ажилласан” гэж хэлсэн. Та сонгуулийн багт нь ажилласан хүний хувьд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын хуулийн хэлтсийн даргаар ажилласан. Ярилцлагыг нь уншсан. МАХН тэр чигээрээ өөрийнх нь эсрэг ажилласан гэж хэлээгүй санагдсан. Тэгж хэлсэн бол би ч гэсэн эсрэг нь ажилласан болж хувирах байх. Ялгаж салгаж ойлгоход л намын даргад сэтгэл дундуур байгаагаа тэр хүний нэр дээр хаягласан байна гэж бодсон. МАХН-ын удирдлага болон өөрөө намын дарга байсан хүн хоёрын энэ асуудал нь нэгд хувийн байж болно. Хувийн биш ч асуудал болж болно. Намын Хяналтын хороонд хэлэлцэж байгаа гэж сонслоо. Хуульч хүний хувьд би үүнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж бодож байгаа. Намын асуудал бол дүрэм журмын хүрээнд шийдэх ёстой. Хувийн ч бай намын ч бай улс төрд тодорхой нөлөө үзүүлж байгаа энэ зүйлд байр сууриа илэрхийл гэвэл би үгээ хэлж чадахгүй.

-Яагаад?

-Би энэ хоёр даргатай хоёулантай нь хамтран ажиллаж байсны хувьд хэн хэндээ хатуу үг шидэлцэж байсныг нь мэднэ. Хүн л юм болохоор сэтгэлийн янз бүрийн хөдлөл, гомдол, бухимдал аль алинд нь гарч байгаа байх. Энэ нь МАХН-ын үйл ажиллагаа, нэгдмэл байдалд сөрөг нөлөөлөхөөс эмээж байна. Ийм хэмжээнд оруулахгүй асуудлыг шийдээсэй гэж найдаж байгаа.

-Тэгж чадах уу?

-Тэгж чадахгүй бол цаг хугацаа, үйл явц чинь өөрөө аль алинд нь ямар байх ёстой вэ гэдэг хариулт өгөх байх. Цөөнгүй хүн нь Н.Энхбаяр даргыг дэмжиж байгаа. Одоогийн намын даргыг ч янз бүрийн асуудалд битгий оролцоосой гэж хүсэх хүн олон бий. Аль аль нь үүний үр дагаврыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ер нь шууд хэлэхэд МАХН-ын эрх ашиг, сонирхол гэж ярихаа болилоо гэхэд улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх вэ. Н.Энхбаяр даргын нийгэмд жин дарж байсан байр суурь, С.Баяр даргын өнөөгийн байгаа суурь хоёулаа маш хүчтэй.

-С.Баяр дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар ямархуу бодолтой байгаа бол?

-Намын дарга МАХН-ын дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ гэж сонссон. Намын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Хяналтын хороогоор хэлэлцүүлж, шийдүүлдэг. Тэр дагуу л шийдүүлнэ байх. Тэгэхээр тодорхой түвшинд энэ асуудал яригдана. Илэн далангүй хэлэхэд хоёулантай нь ажиллаж байсан хувь хүнийхээ хувьд шүүж чадахгүй. Цаг хугацаа л хариултыг нь өгөх болов уу даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.