2012.04.28

Орос, Итали газрын тосны салбарт хамтарна

Оросын газрын тосны магнат “Роснефть” Хойд мөсөн далайн Баренцын тэнгис, мөн Хар тэнгисийн хэсгээс газрын тос олборлох төслүүдэд гадаадын компаниудтай хамтрах бодлого баримталж байна.

Саяхан тус компани АНУ-ын “Exxon Mobil”-тай 500 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан бол өчигдөр Италийн “Eni” компанитай 125 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд “Роснефть” “Eni”-тэй хамтран Баренцын тэнгисийн газрын тосны хоёр хайгуулын талбай болон Хар тэнгисийн орчмын нэг хайгуулын талбайд олборлолт явуулах юм байна.

Баренцын тэнгисийн орчимд 50-70 тэрбум ам.доллар, Хар тэнгисийн орчимд 50-55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Эдгээр хэсэгт нийтдээ 36 тэрбум баррель газрын тосны нөөцтэйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Эхний ээлжинд хайгуулын ажилд 2 тэрбум долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

Оросын хувьд газрын тосны салбарт гадаадын компаниудтай ийнхүү үлэмж  хэмжээний гэрээ хэлэлцээр хийж буй нь ихээхэн онцлог, шинэлэг алхам болж байна. Энэ тухай UBS компанийн шинжээч Константин Черепанов “Оросын компаниудад далайн эрэг орчмын газарт бие даан газрын тосны олборлолт хийх туршлага байхгүй. Тэдэнд барууны компаниуд болон технологи нь хэрэгтэй” гэжээ.

Оросын хойд хэсгийн далайн эрэг орчмын гүнд нийтдээ 100 тэрбум тонн газрын тосны нөөц байх боломжтой гэсэн тооцоо гараад буй юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.