Оюу толгойн гэрээ Монголын талд ашиггүй болсон нь тогтоогджээ
УИХ дахь АН-ын бүлгээс томилсон ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар өчигдөр мэдээлэл хийлээ. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг судлах уг ажлын хэсэг дүгнэлтээ намынхаа бүлэгт хүргүүлсэн бөгөөд ирэх өдрүүдэд холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Дээрх 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 15 орд байгааг тогтоосон. Эдгээрээс Оюу толгойн ордыг л эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалт нь хийгдээд байгаа юм. Харин үлдсэн 14 ордыг ашиглаж, ард түмэнд тэгш хуваарилах асуудал зогсонги байдалд орчихоод байгаа юм байна.
Эдгээр 14 ордод төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдэж, нөөцийг нь тогтоосон тул төр эзэмшиж, баялгийг нь иргэдэд хуваарилах эрхийг эдлэх ёстой. Гэтэл ажлын хэсгийнхний хэлснээр эдгээр ордуудыг төр нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн эзэмшиж, түүгээр ч зогсохгүй ашиглалтын лицензүүдийг цааш дамлан худалдсан тохиолдол олон гарсан байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлэхдээ "УИХ-ын 27 дугаар тогтоолын дагуу Төмөртэй, Таван толгой зэрэг ордыг шийдэх байсан ч тэгээгүй. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Таван толгойг Оюу толгойтой хамт оруулж ирэх шийдвэр гаргасан ч зөвхөн Ухаа худагийг тасалж эргэлтэд оруулсан. Энд үйл ажиллагаа явуулж буй компани буруугүй. Харин Засгийн газар хууль зөрчиж Ухаа худагийг тасалж өгсөн.
Хайгуулын лиценз өгвөл урьдчилан шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Одоо Дарханы Төмөртэйн ордоос эхлээд зөөгөөд дууслаа. Засгийн газар ордуудад төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар анхаарч, шаардлагатай бол буцааж болно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-ийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэсэн заалт мөн зөрчигдсөөр байна.
Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулахдаа хууль, УИХ-ын 57 дугаар тогтоолыг мөрдөөгүйгээс Оюу толгойгоо "ломбарданд" тавьчихсан байгаа. Монголын баялгаар гадныхан наймаалцаж байна. Ер нь Монголд эдийн засгийн алуурчдын гар, хөл ороод ирчихсэн юм биш үү" гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Салбарын сайдад нь арга хэмжээ авах асуудлыг хэд хэдэн удаа тавьсан ч МАН олонхиороо өөрийн талд шийдэж байсан. Уул уурхайн салбарт үндэсний аж ахуйн нэгжүүд гэхээсээ гадны компаниудыг шүтэж ирсэн нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсон баримт олон байна. УИХ-ын Тамгын газраас Оюу толгой Монголд хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Тэгэхэд Монголд огт ашиггүй гэсэн дүгнэлт гарчээ. Анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монгол талын хувь оролцоог 50 хүртэл хувь болгох байсан ч Засгийн газар үүнд анхаарч ажиллаагүй. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюу толгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийхэд Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ" хэмээж байлаа.
УИХ-аас гаргасан тогтоол ийн хэрэгжихгүй байгаа тул УИХ болон холбогдох байгууллагууд уг асуудалд анхаарлаа хандуулж, дахин авч хэлэлцэх талаар ийнхүү санал оруулж байгаа юм байна.