2012.10.22

Монголын үйлдвэржилтийн шинэ эрин анхны шангаа татлаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өчигдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Монголын үйлдвэрлэгчдийн 800 гаруй төлөөлөл оролцсон уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Үйлдвэрлэлийн бодлого зохицуулах газрын дарга нар хүрэлцэн ирсэн юм.

Хөдөө аж ахуйн бирж салбарын хөгжлийг тодорхойлно

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг төлөвшүүлж буй өнөө үед бусад салбар орхигдож байгаа нь нууц биш. Тухайлбал, ХАА-н салбар. Олон мянган жилийн турш мал аж ахуйд тулгуурлан амьдарч ирсэн монголчууд өнөөдөр мах, сүү, гурилаас бусад хүнсний хэрэгцээгээ гаднаас авч байна. Өөрөөр хэлбэл, хүнсний хэрэгцээгээ импортоор хангаж буй нь хүн амын эрүүл мэндэд сөрөг үр дагавартайн зэрэгцээ эдийн засгийн маш том урсгал гадагш чиглэдэг гэсэн үг.

ҮХААЯ-ны Хөнгөн үйлд­вэрийн бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагийн хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх, зээлийн сан бүрдүүлэх болон ХАА-н биржийн талаарх танилцуулга анхаарал татаж байлаа. Одоогийн байдлаар УИХ хөнгөн аж үйлдвэрийг хөг­жүүлэх чиглэлээр тат­варын багц хуульд өөрч­лөлт оруулах талаар хэлэлцэж байгаа.

Хэрвээ энэ чиглэлээр хуульд өөрчлөлт орвол хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж буй хүмүүст ихээхэн дэм болох нь тодорхой. Үүний зэрэгцээ ноос, ноолуур бэлтгэхэд зориулж Зээлийн сан бүрдүүлэх ажил хийж байгаа аж. Ингэснээр ноос, ноолуурын салбарт 600 тэрбум төгрөгийн хуримтлал бүхий сан бүрдэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээлттэй болох юм байна.

Мөн түүхий эдийн хоршоогоор бэлтгэж, биржээр арилжаалах саналыг чуулга, уулзалтад оролцсон төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүхий эдийн биржээр арилжаалснаар ченжүүд биш үйлдвэрлэгчид, малчдад ашиг нь ирэх учиртай гэсэн.

Хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой

Өнгөрсөн онд хүнсний үйлд­вэрлэгчид улсын хэмжээнд 540 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ талаар ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэг­жилтийн зохицуулах газрын дарга Д.Тунгалаг танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын хүнсний салба­рын өнөөгийн хүчин чадлаараа мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, ундаа, усны дотоодын нийт хэрэгцээг хангах бүрэн боломжтой аж. Гагцхүү үүнд төрийн бодлого дутагддаг. Тухайлбал, гаалиар орж ирж буй импортын хүнсний татвар хэтэрхий бага учраас өнөөгийн байдлаар монголчууд идэх хоолныхоо ихэнхийг гаднаас авсаар байна. Нөгөөтэйгүүр энэ нь дотоодын хүнсний үйлдвэрлэлийг боомилох шалтгаан болдог аж.

Тиймээс нэн түрүүнд Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг эргэн харж, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэй байна. Төрөөс энэ салбарыг дэмжихийн тулд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр 2012 оны арванхоёрдугаар сараас хүчингүй болох учраас хугацааг нь сунгах шаардлагатай байгааг ч онцолсон.

Одоогийн байдлаар хүнсний дотоодын үйлдвэрүүд мах, гурилын хэрэгцээг 100, сүүний 46, хүнсний ногооны 67 хувийг хангаж байгаа. Энэ нь боломжийн хувь мэт харагдаж байгаа ч хүнсний маш төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авсан хэвээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болжээ.

Хүнд аж үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэх салбарт төрийн оролцоо чухал

Монгол Улсын ДНБ 10.1 тэрбум төгрөг болжээ. Үүнээс боловсруулах үйлдвэрийн салбар 2.19 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол уул уурхайн олборлолтоос 765 сая төгрөг олсон байх юм. Гэхдээ хүнд аж үйлдвэр Улаанбаатар, Эрдэнэт, Өмнөговь, Дарханд төвлөрч, бусад газар огт байхгүй аж.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хэлж буйгаар, Сайншандын аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаа товлосон хугацаанд эхэлж, бусад орд газарт түшиглэсэн үйлдвэрүүд ажиллах юм бол 2012 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар болох бүрэн боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар байгаа аж. Түүнчлэн дээрх ажлууд эхэлснээр эхний ээлжинд 35 мянган ажлын байр шинээр бий болох юм байна.

Барилгын материалын үйлд­вэрлэлийн хувьд одоогоор үндэсний үйлдвэрлэгчид нийт хэрэгцээний 60 хувийг нийлүүлж, үлдсэнийг нь импортоор авч ирж байгаа аж. Тухайлбал, 2011 онд 460 мянган тонн цемент дотоодод үйлдвэрлэж, 1.5 сая тонныг гаднаас авчээ.

Үйлдвэрлэгчид Засгийн газартай албан ёсоор хамтран ажиллана

Өнөөдрийн чуулга уулзалтаар Монгол Улсад үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж байгааг мэдэгдэж, Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарлалаа. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэг­жүүлэгчид ийнхүү ажилдаа орж байна.

Чуулганы үеэр Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар тэргүүн эгнээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг ҮХАА-н сайд Х.Баттулгад гардуулав.

Түүнчлэн Төр, хувийн хэвш­­лийн хамтын ажиллагааны са­намж бичигт Монголын мэргэж­лийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар гарын үсэг зуржээ. Ингэснээр зорчигчдод үйлчилдэг тус хоёр байгууллага үйлчилгээндээ үндэс­ний үйлд­вэрлэлийн бүтээгдэ­хүүнийг хэрэг­лэдэг болох юм. Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай санамж бичигт БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурав.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлд­вэрлэгчдэд мэндчилгээ хүргүүлж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хур­лын үйл ажиллагаанд оролцсон юм.

Тэрбээр “Үйлдвэржилтийн шинэ эрин эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жи­жиг, дунд үйлдвэрийн хөгжилд тодорхой ахиц гаргаж чадсан. Одоо дараа, дараагийн ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Шинэ Засгийн газар өмнөх ажлыг үргэлжлүүлэх болно.

2013-2015 онд Оюу толгойн зэс-алт, Таван толгойн коксжих нүүрс, Төмөр толгой, Баянголын хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Нарийн сухайт, Ухаа худаг, Хөшөөт, Шивээ-Овоо, Асгатын мөнгөний бас уран, газрын тосны ордуудыг өргөжүүлэхийг нь өргөжүүлж, ашиглахыг нь ашиглана.

Монгол нүүрсийг дэлхийн зах зээлд үнэд хүргэх Таван толгойн ордын “галт тэрэг” хэдийнэ замдаа гарчихаад байна. Нүүрс олборлолт эрс нэмэгдэж, өнгөрөгч онд 20 орчим тонныг экспортоллоо. Дөрвөн жилийн дараа нүүрсний экспорт 50 сая тонноор хэмжигдэх тооцоо бий. Үүнийг 4.8 сая тонн нүүрс олборлодог байсан 1995 онтой харьцуулахад амжилт гэхээс өөр яах билээ. Монголын нүүрс олборлогч компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 650 сая доллар босгохоор IPO хийсэн нь үр дүнгээ өгч байгаа үзүүлэлт ч нэгийг хэлнэ.

Тэгэхээр баталгаажсан нөөц нь 162.3 тэрбумаар хэмжигдэж байгаа нүүрс манай улсын уул уурхайн салбарт алт, зэснээс дутахгүй нь илэрхий. Гагцхүү нүүрсээ түүхийгээр нь гаргаад байх бус боловсруулж, угааж, баяжуулах учиртай. УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэр нь гарсан Сайншандын цогцолборт нүүрс-химийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн” гэв.

Үйлдвэрлэгчдийн холбоо нэгдэх хэрэгтэй

“Үйлдвэржилтийн шинэ эрин” чуулга уулзалтын үеэр ҮХАА-ын Х.Баттулга үйлдвэрлэгчдэд хандаж уриалга гаргасан юм. Тэрбээр “Энэ хуралд хүрэлцэн ирсэн эрхэм үйлдвэрлэгчид, салбар хороодын төлөөлөгчдөд энэ өдрийн мэнд хүргэе. Энд тодорхой хэмжээний ажлын байр бүрдүүлдэг нэмүү өртөг бий болгогчид хуран цугларсан гэж үзэж байна.

Энэ арга хэмжээг угтаж зохион байгуулсан салбар хуралдаанаар цаашид тэр маань ч, болсонгүй, энэ маань ч болохгүй байна гэдэг гомдол бага ярьж, төр засагтайгаа яаж хамтарч ажиллах, улс шиг улс, үйлдвэр шиг үйлдвэртэй болох талаар нэлээд хэлэлцсэн байгаа. Энэ маань их ололттой хэрэг юм.

Ноос ноолуур, арьс шир, оёдол зэрэг салбаруудын хуралдаанаар энэ тухай нэлээд ярьсан. Өнөөдөр нэгэн зорилго доор цугларсан үйлдвэр эрхлэгчид та нар бараг бүгд адил зовлонтой байдаг гэж үзэж байгаа. Хамгийн том асуудал бол санхүүжилт. Өнөөдөр арилжааны банкуудаас өндөр хувийн хүүтэй зээл аваад үйлдвэрүүдийг авч явна гэдэг бол хамгийн том зовлон. Монгол Улсаа сэргээх, хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийнхээ санхүүжилтийн асуудлыг арилжааны банк шиг биш, өөр хэлбэрээр хийе гэсэн санаагаар Хөгжлийн банк байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.

Бид шинэчлэлийн Засгийн газар гэж байгуулаад салбар болгон яам болгон өөрсдийнхөө салбарт шинэчлэл авч ирэхийг зорьж байна. Засгийн газар байгуулагдаад 60 дахь хоног дээрээ аж үйлдвэрийнхээ салбарыг босгоё гэсэн ийм хурлыг та бүхэнтэй хамтран хийж байна.

Үйлдвэрлэгчдийн хувьсгал бол үйлдвэрлэгчид гээд яриад л байдаг, одоо ахиад үйлдвэрлэгчдийн шинэ эрин гэж ярилаа. Энэ нэрийг олох гэж бид нэлээд бодсон, өөр нэр олдоогүй. Одоо бодитоор энэ үйлдвэр рүүгээ орохгүй бол цаасан дээр дандаа лоозонгууд яваад байгаа. Тийм биз дээ.

Тэгэхээр өнөөдөр энэ бодит гэдэг юм руу яаж орох вэ. Ганцхан Засгийн газар, ганц сайд байгаад явахгүй байна. Гоё үг хэлээд явахгүй байна. Та бүхэн өөрсдөө засаг төрөө шахаад явах нь зүйтэй. Энэ олон нэгжүүд хоорондоо нийлж байж тодорхой том том төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй ажил хэрэг болно. Энэ олон том төсөл хөтөлбөрүүдэд хэн ямар үүрэг, хариуцлага хүлээж оролцох вэ гэдгийгээ тодорхой болгож, харилцан уялдаатай ажиллах нь чухал юм.

Үйлдвэрлэгчдийн шинэ эри­нийг өнөөдрөөс эхэлье гэж хүсч байна. Монгол Улс хөгжихөд үйлдвэрлэгчид та бүхэн маань тэргүүний фронтод алхаж яваарай” гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.