Уурхай тойрсон зовлон
2012.10.11

Уурхай тойрсон зовлон

Дэлхийн улс орнууд Монголыг зэс, нүүрс, уран зэрэг ашигт малтмалаар нь төсөөлдөг болсон. Тийм ч учраас  сүүлийн хоёр гурван жилд ашигт малтмал тэр дундаа коксжих нүүрсний экспорт огцом нэмэгдсэн билээ. Уул уурхайн ашиглалтын талбай өргөжин тэлэхийн хэрээр хүний эрх зөрчигдөж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос өчигдөр “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын бага хурал хийлээ. Энэ хурал өнөөдөр үргэлжлэх бөгөөд уурхайтай сум орон нутгийн малчид, гар аргаар ашигт малтмал олборлогчид, хөрөнгө оруулагчид, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Нүүрс тээврийн хүнд даацын машин 35 мянган га талбай сүйтгэжээ

Уул уурхайн салбар өргөжин тэлхийн хэрээр монголчуудын Орчны бохирдол, байгалийн тэнцэл алгдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх болжээ.  Өнөөдөр уурхай нээгдсэн бүс нутгуудад агаарын бохирдол, усны хомсдол, хөрсний доройтол хэт ихэсч байгалийн унаган төрх алдагдаж байгаа аж. Жишээлбэл, энэ оны байдлаар байгаль орчинд учруулсан нийт хохирол улсын хэмжээнд 1.16 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарсан байна. Үүнийг задалж үзвэл, агаар мандалд 1963.0, гадаргын усанд   839627.4, газрын доорх усанд 30554.6, хөрсөнд 104433.5, ургамалд 98204.5, ойн санд 12816.7, ан амьтанд 3286.1 сая төгрөгийн хохирол учирчээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайн орчны агаар хамгийн их тоосжилттой байж.  Тэндэхийн агаарт байгаа тоосны хэмжээ шинжилгээгээр стандартад зааснаас даруй 45 дахин их гарав. Уг газар нүүрсний уурхайнуудаас хүнд даацын машинаар  нүүрс тээвэрлэн буулгаж урд хөршид гаргадаг гол төв нь юм. Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрсөн онд Таван толгойн нүүрсний орд Гашуун сухайтын хилийн боомт хүртэл 235 км замд экологийн хохирол тооцох судалгаа хийжээ. Энэ үеэр уг зам дагуу нийт 35 мянга гаруй га талбайн хөрс  хүнд даацын машины дугуйгаар  эвдэрсэн байжээ.  


Үүнээс гадна говийн бүс нутагт усны нөөц багасч чанар аюулгүй байдал алдагд­­сан судалгаа гарсан байна. Тухайлбал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатороос  Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Хэрмэн цав, Дэрэнгийн ус, Хадан ус зэрэг газрын усанд шинжилгээ хийхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас никель 2.5-5, кадми гурав дахин өндөр агуулгатай байж.   Мөн тус аймгийн Гурван тэс сумын малчин Ц Хүний эрхийн үндэсний комиссынхонд “Жолооч нар шатахуун хийдэг хувингаараа худгийн уснаас хутгаж авдаг. Тэгээд уухын аргагүй үнэр, амттай болдог юм. Ойр хавьд өөр худаг байхгүй тул аргагүйн эрхэнд түүнээс ууж байна” хэмээн ярьсан байна. Өмнөговийн Цогтцэций суманд амьсгалын замын өвчин 2.5 дахин өсчээ.

Хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй.  Гэтэл уул уурхайн хариуцлаггүйн улмаас  хүн, малын эрүүл мэнд бас л хохирох болжээ. Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлд уул уурхайд хамгийн их өртөж буй Өмнөговь аймгийн хүн амын өвчлөлд амьсгалын замын өвчин сүүлийн жилүүдэд тэргүүлэх болсоныг дурьдсан байдаг.  Таван жилийн өмнө тус аймагт 10 мянган хүн тутмын 1148 нь амьсгалын замын өвчтэй байсан бол эдүгээ 2188-д хүрсэн аж. Зөвхөн Цогтцэцийн сумын хувьд гэхэд нэг жилийн хугацаанд дээрх өвчлөл 2.5 дахин өсчээ. Бас Говь алтай аймагт агаарын тоосжилттой холбоотой өвчлөл нэмэгдсэн судалгаа бий. Ганцхан Чандмань суманд үзлэг  хийсэн 71 хүний 68 нь нүдний өвчтэй гарчээ. Энэ нь агаарын тоосжилт, хурайшилтаас шалтгаалсан байна. Дундговь аймгийн Баянжаргалан, Говь угтаал суманд гар аргаар жонш олборлогчид олон. Дээрх сумдын 700 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 140 нь уушиг шохойжилттой онош гарчээ.  

Уул уурхайтай холбоотой осол тав дахин нэмэгджээ

Манай улсын химийн бодисын хэрэглээ жил бүр нэмэгдэж ирсэн. Энэ нь мөн л уул уурхайтай холбоотой. Мэргэжлийн байгууллагууд уул уурхайд ашиглаж буй хорт бодисыг хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах хадгалах, устгах, тээвэрлэх явдал хангалтгүй байна. Хоёр жилийн өмнө  10 аймгийн нутагт буй уурхайнуудад химийн бодисын шалгалт хийсэн. Энэ үеэр алтны олборлолтод өртсөн 120 гаруй цэгийг шалгасан юм. Ингээд мөнгөн ус цианидаар бохирдсон 200 мянган тонн хаягдал, 53 га талбай, олон арван худаг байгааг тогтоосон. Бас гар аргаар алт олборлогч нинжа нарын уушиг  дээрх бодисоор хордож амь насаа алдсан тохиолдол ч гарч байсан билээ. Мөн нүүрс тээврийн замд авто осол их гардаг. Тухайлбал сүүлийн хоёр жилд 310 осол гарч 26 хүн амь насаа алдаж 44 хүн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл авсан байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдээллээр Цогцтцэций суманд нүүрсний зам дахь болон уул уурхайн   осол сүүлийн нэг жилд тав дахин өссөн хэмээж байгаа юм. 


46 малчны 65 хувь нь уурхайд өвөлжөөгөө алджээ

Ашигт малтмалын хай­гуул хийх үеэс л түүх соёлын асуудал сөхөгддөг. Олон уурхай нээгдэхийн хэрээр нүүдлийн мал аж ахуй шахагдаад буй юм. Статистикаас үзвэл Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурван тэс суманд 2004 онд 3029 малчин өрх байж. Гэтэл өнгөрсөн жил 1352 болж буурсан үзүүлэлт гарчээ. Нутгийн малчин ардууд  олон уурхай нээгдээгүй байхад жилд 10-12 удаа отор нүүдэл хийдэг байсан бол одоо нутаг бэлчээр багасч 1-2 удаа болсон гэж хүний эрхийн судлаачдад ярьсан байна. Мөн Ханбогд сумын иргэн Л “Хайгуулынхан тахилгатай уул хадыг тэгшилж овоон дээр машинтай гардаг. 

Нэг өглөө босоход гэрийн хаянд өрөмдөөд эхэлдэг. Тэгээд уулзахаар “Та нар дуугүй бай. Бид зөөвшөөрөл авсан” гээд таамагтай бичиг үзүүлдэг” хэмээн ярьсан байна. Гурван тэс, Ханбогд, Цогтцэций суманд өвөлжөөгөө  60 жилийн хугацаатай эзэмших гэрээ байгуулсан 46 малчин өрхийн дийлэнх нь буюу 65 хувь нь уул уурхайн компанид газраа алджээ. Ийнхүү тоочоод байвал уул уурхай дагасан бэрхшээл олон. Нөгөө талаар улсын эдийн засаг, орлогоо бодохоор уул уурхай зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрын алтан дундажыг олж олсон орлогоо зөв үр ашигтай зарцуулах л ганц гарц монголчууд бидэнд байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.