Г.Баярсайхан: Засгийн газарт мөнгө
Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг сонирхлоо.
-Хямралыг давахад 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл эх үүсвэр нь бэлэн биш учир зарим гишүүн "хийсвэр" гэж шүүмжилж байна л даа.
-Дөрөв, таван сарын өмнө 1.5 их наяд төгрөгийн тухай ярьсан бол нийгэм хүлээж авахгүй байсан биз. Засгийн газар цаг үедээ тааруулаад шат шатны арга хэмжээ авсан. Эхлээд хадгаламжид баталгаа гаргасан. Тиймээс хямралын эсрэг төлөвлөгөө цаг үедээ нийцсэн л арга хэмжээ гэж бодож байна. Мөнгө "босгох" эрхийг нь Засгийн газарт УИХ өгөх хэрэгтэй. Төлөвлөгөөг хийсвэр гэж ойлгож болохгүй. Ямар ч ажлыг эхлээд цаасан дээр буулган байж л эхэлдэг шүү дээ.
-Ийм их хэмжээний мөнгийг эргэн төлөхөд хүндрэл үүсэх болов уу?
-Надад ч ийм болгоомжлол байна. Их хэмжээний мөнгө авчхаад үр ашиггүй зарцуулчихвал дараа нь өрөнд унана. Тэгэхээр Засгийн газар зарцуулалтад нь хяналт сайн тавих учиртай. Хөрөнгө босгох, ажлын байр бий болгох төсөлд л зарцуулах нь зүйтэй. Мөн хямрал хэдий хугацаанд үргэлжлэх, дахин ийм асуудал гарах вий гэдэгт анхаарах нь чухал байна. Засгийн газар цаг алдалгүй ажиллах хэрэгтэй.
-Зээлжих эрх буурсан учраас гадаад зах зээлээс хөрөнгө босгох амар биш гэж зарим гишүүн хэлж байна лээ.
-Зөвхөн Монгол ч биш дэлхийн олон оронд ийм асуудал үүсээд байгаа. Манай улсын уул уурхайн салбарт эдийн засгийн нөөц их учир хөрөнгө оруулагчид сонирхоно.
-Манай сониноос "Хавтгайрсан халамжаас татгалзаж, хямралыг гэтэлье" гэсэн уриалга дэвшүүлсэн. Энэ хямралыг даван туулахад тодорхой алхам мөн биз дээ?
-Бид нийгмийн халамжид хэрээсээ хэтэрсэн мөнгө зарцуулж байна. Эдийн засгийн хямралын үед ийм байж болохгүй. Танай сонины уриалгыг дэмжиж байна.